БНСУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар цэрэггүй бүсэд очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-04 10:09:31

СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Ан Гю Бак болон АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет нар хоёр Солонгосыг тусгаарлаж буй цэрэггүй бүсэд даваа гарагт очжээ. Холбоотон орнууд Умард Солонгостой дипломат хэлэлцээгээ сэргээхийн зэрэгцээ хамтын батлан хамгаалалтыг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. 


Батлан ​​хамгаалахын сайд нар хоёр Солонгосыг зааглах шугамын ойролцоох НҮБ-ын командлалын цэргийн байгууламж болох Уэллетт” ажиглалтын пост болон цэрэггүй бүс доторх Хамтарсан аюулгүй байдлын бүсэд зочилсноор хоёр улсын батлан ​​хамгаалахын сайд нар 2017 оны 10 дугаар сараас хойш буфер бүсэд анх удаа хамт очжээ. Нийт 250 км урт, 4 км өргөн цэрэггүй бүс нь хоёр Солонгосын хоорондох буфер бүс юм. 1950-53 оны Солонгосын дайн энхийн гэрээ бус гал зогсоох хэлэлцээр байгуулснаар дууссан тул хоёр Солонгос нь зарчмын хувьд дайны байдалд хэвээр байгаа юм.


П.Хегсет цэрэггүй бүсэд байхдаа Умард Солонгост ямар нэгэн мессеж илгээсэн эсэх нь тодорхойгүй байна. Сөүл, Вашингтон хоёр Пёньянтай дипломат хэлэлцээгээ эхлүүлэх боломжийг бий болгохыг эрмэлзэж байгаа тул П.Хегсет Пёньянд сэрэмжлүүлэг өгөхийн оронд хуваагдсан Солонгосын хойгт энх тайвны тухай мессеж илгээж магадгүй гэж ажиглагчид хэлжээ.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүлэн Сөүлээс өмнө зүгт 65 км зайд орших Пёнтек хот дахь Осан агаарын баазад ирснээсээ хойш нэг цагийн дараа цэрэггүй бүсэд очжээ. Мягмар гарагт Ан Гю Бак, П.Хегсет нар холбоотнуудын жил тутмын Аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтад оролцоно. Энэхүү уулзалтын үеэр хоёр тал дайны үеийн үйл ажиллагааны хяналтыг /OPCON/ Вашингтоноос Сөүл рүү шилжүүлэх, Өмнөд Солонгосын батлан ​​​​хамгаалах зардал, холбоотны хамтарсан хамгаалалт зэрэг хэд хэдэн гол асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны засаг захиргаа 2030 онд дуусах таван жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд дайны үеийн OPCON-г буцаан авахыг эрмэлзэж байгаа тул OPCON-ы шилжилтийн асуудалд гол анхаарлаа хандуулах магадлалтай. Өмнөд Солонгосын тал ийнхүү шилжүүлэхийг шаардаж байгаа нь тус улсын цэргийнхэн бие даасан батлан ​​​​хамгаалах чадавхаа сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, АНУ-ын тал аюулгүй байдлын илүү их үүрэг хариуцлага хүлээхийг уриалж байгаатай холбоотой юм.


Хоёр улс нөхцөл байдалд суурилсан OPCON шилжилтийн талаар хэлэлцэж байгаа ажээ. Өмнөд Солонгос 1950-53 оны Солонгосын дайны үеэр цэргүүдийнхээ үйл ажиллагааны хяналтыг шилжүүлсэн байна. 1994 онд энхийн үеийн OPCON-г буцаан авсан боловч дайны үеийн OPCON нь АНУ-ын мэдэлд хэвээр байгаа юм.


П.Хегсет мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзана. Тэрбээр мөн АНУ-ын хамгийн том гадаад цэргийн байгууламж болох Пёнтекийн Хамфрис баазад америк цэргүүдтэй уулзаж, тэдэнд болон тэдний гэр бүлд талархал илэрхийлэхээр төлөвлөж байна. Азийн орнуудад хийсэн П.Хегсетийн айлчлал Өмнөд Солонгост өндөрлөнө. Тэрбээр өмнө нь Япон, Малайз, Вьетнамд айлчилжээ. 

関連ニュース