Иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-16 20:58:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага /ИНБ/ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана. Тодруулбал ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, иргэдийн хөдөлмөр эрхлэх, суралцах, мэдээлэл авах зэрэг хүний эрхийг хангах, нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг байгууллагууд үүнд голлох үүргийг гүйцэтгэнэ.

ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэгийн санаачилгаар дээрх байгууллагын төлөөллүүд уулзаж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, 2022 онд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. Улмаар санал солилцох уг уулзалтыг жилд нэг удаа хийхээс гадна ИНБ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохиож байхаар болов. Мөн хүний эрхийг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх болон бусад нөлөөллийн ажлуудыг хамтран хийх юм.

Зөвхөн Баруун-Урт суманд 200 гаруй ИНБ байдаг ч тогтмол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь цөөн. Тэдний төлөөлөл болж МЗХ-ны салбар зөвлөл, аймгийн ХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, УЗХороо, Ахмадын хороо болон  орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг сайт, сонин, телевизийн удирдлагууд оролцлоо. 

関連ニュース