Халдварын тоо буурч байгаа ч томуугийн дэгдэлт их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 2 дугаар сарын 1-нээс
хойш коронавирусний өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа ч хүйтний эрч
чангарч буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгааг
аймгийн ЭМГ-аас анхаарууллаа.
Томуугийн шинж тэмдэг илэрсэн ч дур
мэдэн гэрээр эмчлэх нь өвчнийг хүндрэхэд нөлөөлж, АНЭ-ийн хүүхдийн тасгийн
ачаалал нэмэгдэж байна гэлээ.
Тиймээс иргэдийг шинж тэмдэг
илэрмэгц харьяа өрхийн эмнэлэгтээ хандах, бага насны хүүхдэдээ тавих хяналтаа
сайжруулан илчлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах,
амны хаалт тогтмол зүүлгэхийг санууллаа. Мөн хүн бүр халдвар хамгааллын
дэглэмээ баримталж, дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав.
Сүүлийн 24 цагт тус аймгийн долоон
суманд халдварын 28 тохиолдол шинээр батлагдаж, мөн хугацаанд 69 иргэн эдгэрч
гэрийн хяналтад шилжжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд халдварын нийт батлагдсан
тохиолдол 17513 болсон бол эдгэрэлт 16197-д хүрчээ.
Халдварын улмаас 59 иргэн ЭМБ-д,
270 иргэн гэрээр эмчлүүлж байна.