ОХУ Украины дөрвөн хотоос хүмүүнлэгийн зурвас нээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-03-07 16:50:31

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Зэвсэгт хүчин гал зогсоох дэглэм тогтоож, 10:00 цагаас эхлэн Киев, Харьков, Сумы, Мариуполь гэсэн дөрвөн хотоос хүмүүнлэгийн зурвас нээж байна гэж Украин дахь хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах байгууллага хоорондын штаб мэдэгджээ.


“Киев, Харьков, Сумы, Мариуполь хотуудын хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрснийг харгалзан, мөн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тавьсан хувийн хүсэлтийн дагуу ОХУ-ын Зэвсэгт хүчин хүмүүнлэгийн зорилгоор 2022 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагаас эхлэн гал зогсоох дэглэм тогтоож, хүмүүнлэгийн зурвас нээж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Штабаас мэдээлснээр, Киев хотоос нэг зурвас нээх бөгөөд Киев, Гостомель, Раковка, Сосновка, Иванков, Ораное, Чернобыль, Гден (Беларусь), Гомель хотод хүрч дараа нь ОХУ-д агаарын тээврээр хүргэх гэсэн чиглэлтэй байх аж.


Мариуполиос гарах гарц нь хоёр чиглэлтэй байна. Эхний чиглэл нь Мариуполь, Новоазовск, Таганрог, Донын Ростовт хүрсний дараа нисэх онгоц, төмөр зам, автомашинаар сонгосон газрууд эсвэл түр байрлах цэгүүд рүү хүрнэ. Хоёр дахь нь Никольское, Республика, Розовка, Билмак, Пологи, Орехов, Запорожье хотуудыг тойрч гарах Мариуполь, Портовское, Мангуш гэсэн чиглэл юм.


Харьковоос нээсэн зурвас нь Харьков, Нехотеевка, Белгород, дараа нь агаараар, төмөр замаар, авто тээврээр сонгосон эсвэл түр байрлах цэгүүд рүү хүрэх чиглэлтэй бол Сумы хотоос эхний чиглэл нь Сумы, Суджа, Белгород, дараа нь агаараар, төмөр замаар, авто тээврээр сонгосон газрууд эсвэл түр байрлах цэгүүд рүү очих бол хоёр дахийг нь Сумы, Голубовка, Ромный, Лохвица, Лубный, Полтава хот гэсэн чиглэлээр нээжээ.


Харин Украины тал Оросын санал болгосон хүмүүнлэгийн зурвасуудыг нээхээс татгалжээ. Оросын санал болгосны дагуу хүмүүнлэгийн зурвасуудыг нээх нь Украины талын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус улсын шадар сайд бөгөөд хяналтгүй нутаг дэвсгэрүүдийг дахин нэгтгэх асуудэл эрхэлсэн сайд Ирина Верещук мэдэгдсэн байна. 


関連ニュース