Зэрлэг балмад хүчирхийлэл үйлдэж буй "Боко Харам"-ыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-28 13:52:05

НҮБ. /АР/. Нигерид “хүний санаанд багтамгүй” зэрлэг балмад хүчирхийлэл үйлдэж байна гэж лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийг НҮБ зэмлэн буруушаалаа.

НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Стивен О’Брайен хэлэхдээ “босогчдын энэ бүлэглэл олон мянган хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэсэн” гэв.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Нигерид 9 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна.

“Боко Харам” бүлэглэлийнхэн нь “Лалын улс”-ад үнэнчээр зүтгэхээ амласан билээ.

Ноён О’Брайен хэлэхдээ “тус бүлэглэлийн үйлдсэн аймшигтай зэрлэг балмад хүчирхийлэл нь Нигерид хүний эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүргэсэн” гэлээ.

2016 оны 1-6 дугаар сарыг хүртэлх хугацаанд тус бүлэглэлийнхэн дөрвөн улсад 50 гаруй хүүхдийг ашиглан амиа золиослох террорист халдлага үйлджээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ “Нигерийн Борно мужид бараг 250 мянган хүүхэд тураалд орж, зовж шаналж байна” гэж анхааруулсан юм. Тус муж урьд нь “Боко Харам”-ын хяналтад байсан билээ.

Г.Доржханд

 

関連ニュース