Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэдтэй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Орохын багт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компанийн эзэдтэй аймгийн Засаг дарга өнөөдөр уулзсан байна. Шүүхийн шийдвэрээр 2021 онд лиценз нь сэргэсэн компанийн удирдлагууд уулзалтад иржээ.
Засаг дарга М.Батжаргал:
-Цэнхэр сумын Орхон баг бол маш онцгой бүс. Төрийн тахилгат хайрхантай хил нийлсэн, зон олныг ундаалдаг гол усны эх. Ийм эмзэг бүсэд байгаа гэдгээ ойлгоорой. Олборлолт хийсэн талбай руу нинжа нар ороод байна. Аймгаас хөрөнгө мөнгө зараад төрийн албан хаагчдаа дайчлаад бүх талбайг нь хамгаалаад байх төсөв байхгүй. Тиймээс эзэмшлийн талбайгаа өөрсдийн хөрөнгөөрөө хамгаалтад ав. Эрх нь цуцлагдсан компаниудын талбайг ажлын хэсэг томилж хамгаална. Аливаа хууль зөрчсөн үйл ажиллагаа гаргавал эрх бүхий яаманд нь мэдэгдэж холбогдох арга хэмжээ авна гэжээ.
Түүнчлэн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ашигласан талбайдаа мод тарих, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажилд манлайлж оролцохыг хүслээ.
Аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хийсэн уулзалтын дараа уул уурхайн компанийн эзэд аймгийн МХГ-т нэгдсэн сургалтад хамрагдсан байна.
Компанийн эзэд орон нутагт татвар төвлөрүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдэд тустай ажил болон аймаг суманд бүтээн байгуулалт өрнүүлэх санал бодлоо илэрхийлжээ.