"Жаахан шаргын нутаг" уралдаанд 600 оролцогч хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-04 13:58:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Титэм артакадемийн санаачилгаар нутгийн зохиолчдын уран бүтээлийг сурталчлан таниулах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоорЖаахан шаргын нутагуралдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

Энэ жилийн онцлог нь төр, нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбарын бүтээлийг сурталчлан таниулж, 24 байгууллагын 248 албан хаагч, 308 сурагч, 36 мэргэжлийн багш, 23 иргэн нийт 600 оролцогч хамрагджээ.


Энэхүү уралдааны ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, аймгийн ЗДТГ, Хэлний бодлогын зөвлөл, Баруун Урт сумын ЗДТГ хамтран ажилладаг уламжлалтай.

Аймгийн Засаг даргын орлогч, хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Г.Мөнхзаяа хэлсэн үгэндээМонгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл, орон нутаг дахь салбар зөвлөл хамтран бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, эх хэлээ дээдлэх, уламжлалын дагуу жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлдөг болох тогтоол шийдвэр гарсантай холбоотой төрийн албан хаагчид, монгол бичгээ сурах, хэл соёлоо дээдлэх, соёлд суралцаж байна. Энэхүү уралдаан бол хос бичигтэн болох ажлын хүрээнд хийж буй маш том бэлтгэл, дэмжлэг болдог гэдгийг онцлов.

Оролцогчид үзгийн хичээнгүй бичиг, хичээнгүй бичиг, хичээнгүй бичигт сургасан албан хаагч, ур чадварын ахиц, интерактив даалгавар, уран бичлэг, таталган бичиг, цахим контент гэсэн төрлүүдээр өрсөлдсөн бөгөөд нэгдсэн дүнгээр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль шалгарсан юм. Уралдааны цар хүрээ тэлэгдэж, оролцогчдын ур чадвар дээшилж, бүтээлийн чанар сайжирсан байсныг зохион байгуулагчид тодотгож байлаа.


Монгол бичгийг сурч эзэмших сонирхлыг дэмжих, судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, үндэсний бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр манлайлан ажилласан тэргүүний сум, байгууллага, иргэд, мэргэжлийн багш нарыг аймгийн Засаг даргын 2021 оны А/381 дугаар захирамжаар баталсан журмын дагуу шагнаж урамшуулсан. Монгол хэл бичгийг дээдлэгч сумаар Баяндэлгэр сум, Монгол бичгийг дээдлэгч иргэнээр Түмэнцогт сумын иргэн Ц.Одон, Монгол бичгийг дээдлэгч мэргэжлийн багшаар Баруун Урт сумын 1-р сургуулийн багш Э.Уранцэцэг нар шалгарлаа.

 

 

関連ニュース