“Сүхбаатар-80” урлагийн наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-05 11:43:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сүхбаатар-80” урлагийн наадам эхэллээ. Тус наадамд 13 сумын соёлын өв тээгч, өвлүүлэн уламжлагч, ахмадууд, авьяаслаг оюутан залуус, сурагчид гээд нийт 400 гаруй ардын авъяастан оролцож байна.


Тус наадмыг аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ, энэхүү наадмаар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн урлаг, соёлын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Наадмаас шалгарсан шилдэг үзүүлбэрүүд ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон Улаанбаатар хотод тоглох бүрэн хэмжээний тоглолтод оролцоно гэдгийг тодотгов. Сумд маш их ач холбогдол өгч оролцож буй нь харагдаж байна. Иймээс сум бүр хөдөлмөр, сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан бэлтгэсэн тоглолтоо шударгаар үнэлүүлэх нь чухал гэдгийг ч онцоллоо. Түүхэн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Уртын гол соёл амралтын хүрээлэн, спорт цогцолбор, зочид буудал барих ажлууд хийж буйг тэрээр танилцуулж байв. Мөн СУГ-ын дарга Х.Эрдэнэдэлгэр, "Жаахан шарга" театрын дарга Г.Баярцогт нар оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ.

Баруун-Урт сум “Ус-Эв нэгдэл-Өв соёл” Дарьганга сум “Домог амилсан Дарьганга” Мөнххаан сум “Дуурсах алдартай Мөнххаан” гэх мэт сум тус бүр өөрийн газар нутаг, түүх соёл, зан заншил, ахуй амьдралын онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг 40 минутад багтаан үзүүлнэ. Тусгайлан үзүүлбэр заагаагүй бөгөөд ерөнхий найруулга, үзүүлбэрүүдийн чанараар шүүлтийг хийх аж. Урлагийн наадам 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 6-ны 18.00 цагаас шилдгүүдийн гала тоглолт, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө. 

関連ニュース