“Үндэсний цом 2016” хөлбөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2016” хөлбөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймгийн төвд энэ сарын 8-16-ны өдрүүдэд болно.
Тэмцээнийг МХБХ, аймгийн ЗДТГ, аймгийн Хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын захирамжаар томилон бэлтгэл ажлыг хангаж буй юм.
Тэмцээнд одоогоор 18 аймгийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тус тэмцээн сүүлийн дөрвөн жил амжилттай зохиогдож байгаа бөгөөд энэ жил анх удаа орон нутагт болж, цомын эздээ шалгаруулж буйгаараа онцлогтой юм.
Хөлбөмбөгийн хорхойтнуудын нүдийг хужирладаг “Үндэсний цом 2016” хөлбөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймгийн төвд шинээр барьсан хөлбөмбөгийн талбайд болох юм. Олон улсын стандартад нийцсэн 69x103 харьцаатай хөлбөмбөгийн талбайн нээлт тэмцээний нээлттэй давхцах гэнэ.
Тэмцээнээс шалгарсан дөрвөн баг Монголын Бүх Ард Түмний Спартикиадад оролцох эрхээ авах бөгөөд түрүүлсэн баг Шилжин явах цом, 10 сая төгрөгийн эзэн болно.
Т. Одончимэг