Хирошима атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 71 жил өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Kyodo/. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима хотыг америкчууд атомын бөмбөгөөр бөмбөгдсөнөөс хойш яг 71 жил өнгөрлөө.
Атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг Хирошима хотын оршин суугчид өнөөдөр хүндэтгэж байна.
Өнөө өглөө тус хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон хохирогчдыг дурсан санах ёслолд 50 мянга орчим хүн, тэдний дотор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон 91 улс орны төлөөлөгчид оролцжээ.
1945 оны 8 дугаар сарын 6-д Америкийн нисэх онгоц атомын бөмбөг хаясан яг тэр цагт буюу өглөөний 8:15 цагт оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Хирошима хотын дарга Казүми Мацүй үг хэлжээ.
Цөмийн зэвсэг гэх “аюултай чөтгөр”-ийг устгахын тулд дорвитой арга хэмжээ авахыг улс орнуудад тэрбээр уриаллаа. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 5 дугаар сард Хирошимад айлчлах үеэрээ хэлсэн үгнээс Мацүй иш татан хэлжээ.
Обама хэлэхдээ “цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон шийдвэр төгс байж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.
Обамагийн замаар явахыг бүх улсын улс төрийн удирдагчдад Мацүй уриалаад “Хирошимад ирсэн хүн л бөмбөгдөлт ямар хор уршиг дагуулж, бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс хэрхэн зовж шаналж байгааг мэдрэх болно” гэжээ.
1945 оны 8 дугаар сарын 6-нд америкчууд Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар тус хотын 70-100 мянган иргэн амиа алдсан юм. Амьд үлдсэн олон хүн хожим нь цацрагийн өвчин зэргээс болж нас барсан билээ. 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар нийт 297 684 хүн атомын бөмбөгдөлтийн золиос болсон гэсэн тоо бий.
Г.Доржханд