ДАРХАН-УУЛ: Малчин эмэгтэйчүүд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-10 15:42:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо санаачлан “Малчин эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.


Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын 60 гаруй малчин бүсгүй уг чуулга уулзалтад оролцож байна. Тус чуулга уулзалт нь малчин эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын оролцоог нэмэгдүүлэх, орхигдсон эрхийн асуудлуудыг хөндөх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой жил бүр зохион байгуулдаг уламжлалтай


Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, ХХААГ-ын дарга Т.Ганболд нар малчин бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлж, аймаг, орон нутгаас малчин өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх талаар хийж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ:

Малчид аймаг орон нутгийнхаа мал аж ахуйн хөгжлийг тодорхойлж, эрүүл хүнс, эдийн засаг, үйлдвэрлэлийн өргөн хэрэгцээг хангах, өөрийнхөө оюун ухаан, хүч хөдөлмөрийнхөө үр шимийн хүртэж яваа үндэсний үйлдвэрлэгч гэж онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор “Тариалангийн бүс нутаг”-аар болгон зарласан Хонгор, Орхон суманд газар тариалантай зөв хосолсон эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр аймгаас олон талт ажлыг авч хэрэгжүүлж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Энэ жилийн чуулганы үеэр малчин эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахын зэрэгцээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй эмэгтэйчүүдийг хамруулах, гэрээ байгуулах, мэдээ мэдээллээр хангаж, мөн Малын удмын сангийн үндэсний төвтэй танилцах аялал, өрхийн бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөх зэрэг онцлогтойгоор зохион байгуулж байна.

Мөн ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргасан зарим эмэгтэйчүүдийг аймаг, орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа.

Чуулганы үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн ИТХ, Дархан Сумын ИТХ, ЗДТГ, ХХААГ, Малын удмын сангийн үндэсний төв, Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулж байна.

関連ニュース