Тамирчдын тосгонд хулгай гарсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-16 21:53:19

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Риогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид тамирчдын тосгонд гарсан хулгай дээрмийн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Францын гарбөмбөг тоглогчийн өрөөнөөс 50 орчим евро буюу 55 орчим доллар алга болжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 20 настай үйлчлэгч эмэгтэйг цагдаа нар байцааж байгаа гэнэ.

Мөн 1000 евро болон 2400 доллар өрөөнөөс алга болсон гэж мэдүүлсэн Ираны хөнгөн атлетикийн хоёр тамирчны гомдлын дагуу цагдаа нар мөрдөн шалгалт явуулж байна.

Рио-де-Жанейро хот дахь тамирчдын тосгоноос зөөврийн компьютер болон гар утас хулгайд алдагдсан гэсэн мэдээлэл урьд нь гарч байсан билээ.

Тосгон орчимд аюулгүй байдал, харуул хамгаалалтыг чангатгасан учир гаднаас хулгайчид нэвтрэх боломжгүй ажээ.

Тамирчдын өрөө рүү үйлчлэгчдийг орохыг Их Британийн төлөөлөгчид хориглосон байна.

Дахин хулгай гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд дорвитой арга хэмжээ авахаа Олимп зохион байгуулах хорооны албаны хүмүүс амлалаа. Аюулгүй байдлыг чангатгах хүсэлтэнд тэд дарагдаж байгаа ажээ.

 

Г.Доржханд

関連ニュース