ДАРХАН-УУЛ: Ууган сургуулийн ширээ, сандлыг иж бүрнээр шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан
хотын ууган сургуулийн сурагчийн ширээ, сандлыг иж бүрнээр нь сольж шинэчиллээ.
Өнгөрсөн жилийн хотын баяраар аймгийн Засаг дарга Б.Азжаргалд хүүхэд бүр
захидал илгээж тулгамдсан асуудал болон хотынхоо хөгжлийн талаар өөрсдийн үзэл
бодлоо илэрхийлсэн. Сурагчдаас ирсэн захидалд бичигдсэн тулгамдсан асуудлыг
эрэмбэлэн шийдвэрлэхээр болсон. Түүний нэг нь 60 жилийн түүхтэй нэгдүгээр
сургуулийн сурагчдын нас, биед тохирсон ширээ, сандлыг солих ажил байлаа.
Тэгвэл өнөөдөр сургуулийн ширээ сандлыг иж бүрнээр нь шинэчлэх ажлын хүрээнд
400 ширээ, 800 сандлыг хүлээлгэн өглөө.
Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 33 бүлэгт 970 гаруй хүүхэд суралцдаг. Цаашид "Боловсрол-2032"
хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн
ерөнхий боловсролын сургуулийг энэ жишгээр стандарт ширээ, сандалтай болгох аж.
Нэгдүгээр сургуульд орон нутгийн
төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү дотор тохижилтын ажил хийснээс гадна мөн
гадна талбайг тохижуулж байна. Гадна тохижилтын
ажлын гүйцэтгэл 70 гаруй
хувьтай байна.
Түүнчлэн сурагчдыг өглөө, оройд
хичээл сургуульдаа явах орчныг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийж
байна. Зургаа,
долоодугаар багийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил 40 гаруй хувьтай байна. 2024 онд багтаан
Дархан сумын гэр хорооллын багуудын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт
дэвшүүлжээ.
Дархан-Уул аймаг жил бүрийг
"Хүүхэд хамгааллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдүүдийн
сурах орчин нөхцөлийг сайжруулах, чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох
чиглэлд аймаг орон нутгаас анхаарч төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн бодит ажил болгож байна.



