Хятадын олон улсын импортын V экспо болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ШАНХАЙ. /CGTN/. Тав дахь удаагийн Хятадын олон улсын импортын экспо (ХОУИЭ) Шанхай хотноо болж байна.
ХОУИЭ нь дэлхийн анхны импортын сэдэвт үндэсний хэмжээний экспо юм. Хятад улс олон улсын худалдаа болон бизнесийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн хэмжээнд бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, хөгжлийн боломжуудаа хуваалцах зорилготойгоор энэхүү экспог 2018 оноос зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
Дэлхий дахин урьд үзэгдээгүй олон сорилт, өөрчлөлттэй нүүр тулж, дэлхий эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа амаргүй үед болж буй энэ экспод 145 улс улс орон, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож байна. Тухайлбал, дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн 284 нь энэ экспод оролцож байгаа ажээ.
300 мянган хав.дөр.метр талбайг хамарсан асар том үзэсгэлэнгийн танхимд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан робот тэргүүтэй бүтээгдэхүүнээс эхлээд тарьц суулгац хүртэлх төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна.
Бямба гарагт албан ёсоор эхэлсэн, нэг долоо хоногийн турш үргэлжлэх энэ экспо нь Хятадын асар том зах зээлд хөл тавих боломжийг дэлхий нийтэд олгож буй “алтан хаалга” гэгдэж байна.
“Нээлттэй бөгөөд хамтын хөгжил бүхий гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээх уриан дор болж буй 5 дахь удаагийн экспогийн нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин цахимаар холбогдон үг хэлжээ.
“Хятад улс асар том зах зээл дэх боломжуудаа хуваалцахын тулд бүх улс орон болон бүх талтай хамтран ажиллана. Бид дотоодын зах зээлээ улам бүр хүчирхэгжүүлж, бараа бүтээгдэхүүний худалдааг сайжруулж, үйлчилгээний худалдааны шинэ механизмыг хөгжүүлж, илүү чанартай бүтээгдэхүүн импортлох ажлыг эрчимжүүлэх болно. Бид инновац шингэсэн худалдаа болон өндөр чанартай “Бүс ба Зам” хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийн тулд “Торгоны зам”-ын цахим худалдааны хамтын ажиллагааны туршилтын бүсүүд болон үйлчилгээний худалдааг шинэлэг байдлаар хөгжүүлэх үндэсний үлгэр жишээ бүсүүдийг байгуулна” гэжээ.
Мөн тэрбээр “Хятад улс жинхэнэ олон талт үзлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн” гэж хэлээд, илүү гэрэлт ирээдүйг цогцлоохын тулд хамтран ажиллахыг бүх улс оронд уриалсан байна.
Хятад улс сүүлийн 13 жил дараалан дэлхийн хоёр дахь том импортлогч орон хэвээр байна. Хятад улсын Худалдааны яамны мэдэгдсэнээр, 210 улс орон Хятад руу бараа бүтээгдэхүүнээ экпортолж буй бөгөөд тус улс нь 60 улс орны экспортын гол зах зээл болоод байна.
Энэ оны эхний хагасын байдлаар, Хятадын импорт дэлхийн нийт импортын 10.6 хувийг эзэлсэн байна.
ХОУИЭ-г өмнө нь дөрвөн удаа зохион байгуулахад 1500 гаруй шинэ бүтээгдэхүүн, технологи болон үйлчилгээг танилцуулж, нийт 270 тэрбум ам.долларын худалдаа хийж байжээ.