ӨМНӨГОВЬ: Улсын аварга шалгаруулах тэмээн уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг зохион явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-05 11:56:49

Өмнөговь /МОНЦАМЭ/  Даланзадгад суманд 2022 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хурдан тэмээ шалгаруулах уралдаан, Тэмээчдийн зөвлөгөөн болно.

 

Монгол Улсад төдийгүй дэлхийд алдартай Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг бол Өмнөговь аймаг билээ. Тэмээний баярыг 1997 оноос эхлэн сумдад зохион байгуулж эхэлсэн бөгөөд цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент үйл ажиллагаа болон өргөжжээ.


Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөн хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд хамтран Өмнөговь аймагт зохион байгуулсаар ирсэн юм.

 

Тухайлбал Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" үйл ажиллагааг 2016 онд амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.


Мөн дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцож Монгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон улсын Тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулагч орны нэг болж чадсан билээ. "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан"-ыг 2019 онд анх удаа Өмнөговь аймагт зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд "Тэмээний уралдаан-2021" наадмыг мөн Өмнөговь аймагт 2 дахь удаагаа зохион байгуулсан. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах уралдааныг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тэмээн соёл уралдааны холбоотой хамтран нээлттэй зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

 

関連ニュース