Европын парламентын 10 орчим байрыг битүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СТРАСБУРГ. /Politico/. Катарт болж буй хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбоотой томоохон авлигын дуулиан Европын Холбоонд дэгдээд байгаа билээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Страсбург хот дахь Европын парламентын (EП) 10 орчим байрыг EП-ын аюулгүй байдлын албанаас битүүмжлээд байна гэж “Politico” сонин мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Европын парламент дахь Италын гишүүн Пьетро Бартологийн Страсбург дахь оффисыг мөн битүүмжилж, хаасан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдийнээ "Qatargate" гэж нэрлэгдээд байгаа энэ хэрэгт Катарт болж буй ДАШТ-ий бэлтгэл ажлын өмнөхөн Европын парламентын шийдвэрт нөлөөлсөн гишүүдийг их хэмжээний мөнгө, их хэмжээний бэлэг авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа гэж Европын прокурорын газар мэдээлжээ.
Энэ хооронд Европын Комиссын орлогч дарга Маргарит Шинас энэ дуулиан шуугиан дэгдсэний дараа анх удаа олон нийтэд үг хэлэхдээ авлигын дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
EП-ын орлогч дарга Эва Кайли болон бусад гурван хүнийг баривчлахад хүргэсэн авлигын энэхүү дуулиантай холбоотойгоор ЕП нь дотоод мөрдөн шалгалтыг эхлүүлж, парламентын гишүүдийн бусад улс орон, гадаадын иргэдтэй тогтоох харилцаанд тавих хяналтыг чангатгах шинэчлэлийг хийнэ гэж ЕП-ын дарга Роберта Метсола даваа гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Бельгид Европын парламентын дэд дарга Кайли, түүний хоёр хамтран зүтгэгч болон Брюсселийн нэрээ нууцалсан лоббич Катартай холбоотой авлигын хэргээр баривчлагдсан юм.