"Apple"-ийн зах зээлийн үнэлгээ унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Apple” компанийн хувьцааны зах зээлийн үнэ 2021 оны гуравдугаар сараас хойш анх удаа 2 их наяд ам.доллароос доошилж уналаа.
Жилийн өмнө тус компани зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны компани болж байсан билээ.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч “Refinitiv Eikon” компанийн мэдээлснээр, “Exane BNP Paribas” компанийн шинжээч Жером Рамел компанийн үнэлгээг "маш сайн"-аас "дундаж" болгож, зорилтот үнийг 180 ам.доллараас 140 ам.доллар болгон бууруулсны дараа лхагва гарагт “Apple”-ийн хувьцаа 3.7 хувиар буурч, 125.07 ам.доллар болжээ.
Түүнчлэн дэлхийн эдийн засаг удааширч, инфляц өндөр байгаа нь “Apple”-ийн төхөөрөмжүүдийн эрэлтийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгджээ. “Nikkei” сонинд эх сурвалжаас эш татан мэдээлснээр, “Apple” нийлүүлэгчдэдээ чихэвч, цаг, зөөврийн компьютерынхоо эд ангиудыг цөөн тоогоор үйлдвэрлэх захиалга өгсөн байна.
Хувьцааных нь үнэ унасны улмаас “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 1.99 их наяд ам.доллар болжээ. Хэдийгээр үнэлгээ нь унасан ч тус компани “Microsoft” корпорацийг ардаа орхижээ. “Microsoft”-ийн зах зээлийн үнэлгээ 1.8 их наяд доллароор хэмжигдэж байгаа аж.