ӨМНӨГОВЬ: Ингэний айргийн баярыг 14 дэх жилдээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь/МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
“Ингэний айргийн баяр-2023” үйл ажиллагаа энэ сарын 10, 11-ний өдөр болно.
Тус
баярыг жил бүр сар шинийн баярын өмнө зохион байгуулж, малчид боловсруулсан сүү, цагаан идээгээ өөрийн гар дээрээс зах зээлд шууд борлуулах боломжийг бүрдүүлэн, зохиомол үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн бусад хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тэмээн сүргийн амьдын
үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг бодлогын төлөвлөгөөт чиглэлүүдийг тусган зохион байгуулдаг.
"Ингэний айргийн баяр" нь малчид, иргэд хоёрын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэн гүүр
болж малчдынхаа боловсруулсан цэвэр сүү, цагаан идээг хямд үнээр хэрэглэгчдэд
хүргэх, орон нутагт баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгч нараа олон нийтэд
сурталчлан таниулах, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг болох зэрэг ач холбогдол ихтэй үйл ажиллагаа юм.
Энэ жил “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор зохион байгуулж байгаа “Ингэний айргийн баяр"-т 10 аж ахуйн нэгж, 70 гаруй иргэн сүү цагаан идээ, хүнсний ногоо болон бусад төрлөөр оролцож байна.
Ханхонгор сумын малчин С.Мааманхүү
Миний хувьд энэ үзэсгэлэн худалдаанд эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй оролцож байгаа. Энэ жил шүүрмэг, хэвийн ааруул, шар тос, монгол архи зэрэг цагаан идээгээрээ оролцож байна. Энэхүү ингэний айргийн баяр жилээс жилд өргөжиж, өргөн дэлгэр сайхан болж байна. Нутаг орны удирдлагууд ч олон талаар дэмжин зохион байгуулдаг.
Малчид бидэнд их наалдацтай, хүч хөдөлмөрөө гарган боловсруулсан цагаан идээгээ шууд хэрэглэгчдэд борлуулах зах зээлийн боломжийг ийнхүү бодлогоор дэмжиж өгч байгаа явдалд тун талархаж байна. Энэ баярт аймгийн 15 сумын малчид бүгд л ирж оролцон, шинэ содон бүтээгдэхүүнийг санаачлан хийж ирсэн байдаг. Эндээс бас малчид шинэ санаа санаачилгыг олж авдаг.
“Удмын туршлага” ХХК-ийн захирал Т.Буянхонгор:
Манай хамт олон өөрсдийн гараараа
хийсэн цагаан идээний цэвэр бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Жишээ нь бэлгийн багцууд, шимийн архи гэхэд
шар тостой,тосгүй гэх зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа. Манай бүтээгдэхүүний онцлог гэвэл бид сүүгээ л худалдаж авдаг. Тэгээд
говийнхоо аргаар бид цагаан идээнийхээ бусад боловсруулалтыг өөрсдөө гараараа хийдэг. Байнгын
худалдан авагчид болон бөөний дэлгүүрүүдээр борлуулалтаа хийдэг.
Үнийн хувьд
бэлгийн багц 44.000-13.000 төгрөг хүртэл үнэтэй байгаа. Худалдан авагчид маань манай
бүтээгдэхүүнээс хүссэнээ сонгоод өөрийн боломж нөхцөлдөө тохируулаад бэлгийн
багцаа боолгуулах боломжтой. Энэ нь худалдан авч байгаа хүмүүст их таатай байгаа
нь харагдаж байна. Мөн бидний үйл
ажиллагааг дэмжиж ажилладаг орон нутгийн удирдлагууддаа талархлаа.