АРХАНГАЙ: Өрх бүрд 200 кг хүртэлх тэжээл, 300 000 төгрөгийн мөнгөн тусламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “START” сангийн санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй "Зудын эрсдэлээс сэрэмжлэх эрт арга хэмжээ" төслийн хүрээнд Ихтамир сумын өвөлжилт хүндэрсэн газарт өвөлжиж буй 110 малчин өрхийг сонгож тусламж үзүүлжээ.
Төсөлд хамрагдах өрхийг шалгаруулах ажлын багийг сумын Засаг даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Өрхүүдийг сонгох шалгуур үндсэн үзүүлэлт нь хамгийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа, хонин толгойд шилжүүлснээр 500-аас доош малтай өрх, 2 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг сонгожээ.
Тэрчлэн өрх толгойлсон эцэг, эх, асран хасгаалагчтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, нэмэлт орлогогүй, өндөр настантай өрх гэсэн туслах шалгуурыг ч харгалзсан байна.
Дээрх шалгуураар Хөхнуур багаас
12, Хан-Өндөр багаас 20, Борт багаас 23, Бугат багаас 27, Эрдэнэтолгой багаас
22, Тайхар багаас 6 өрхийг сонгож тусламж олгожээ. Тусламжид өрх бүрд 200 кг хүртэлх тэжээл, 300,000
төгрөгийн мөнгөн тусламжийг өгсөн тухай мэдээллийг "Архангай медиа" группийн Ихтамир сум дахь сурвалжлагч Б.Мөнхзаяа мэдээллээ.