АРХАНГАЙ: Мах, сүүний шилмэл цөм сүргийн тоо өсөж 1300-д хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар Архангай аймгийн мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, шилмэл цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор 12 сумын 23 аж ахуйн нэгж, үржлийн нэгжүүдэд 800 орчим мах, сүүний чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн цэвэр үхрийг гэрээлэн нутагшуулсан.
2021 оноос хойш өдгөө 2 жилийн жилийн хугацаанд дээрх цөм сүрэг цэврээрээ өсөж, үржин 1300 гаруй тоо толгойд хүрсэн байна. Мөн сарлагтай сумдад өөр бүс нутаг, аймгаас сарлаг нутагшуулан цус сэлбэх ажлыг хийж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт ажиллах үеэрээ дээрх үржлийн нэгжийн төлөөллүүд, мал зүйч нартай уулзан, сүргийн эргэлтийн төлөвлөгөө, хариулга маллагаа, цаашид нэмж захиалах малын тоо толгой, хамтын ажиллагааны талаар санал солилцож, өмнө байгуулсан гэрээг шинэчилжээ.
Тус уулзалтын хүрээнд эдгээр шилмэл, цөм сүрэг үржүүлэгчид зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна.
Цаашид
сум бүр шилмэл үүлдрийн цөм сүрэгтэй болсноор малчид малынхаа чанар, ашиг
шимийг нэмэгдүүлэх, цөөн тооны чанартай малтай болох, эдийн засгийн эргэлтэд
богино хугацаанд оруулах боломжтой болох юм.