ДАРХАН-УУЛ: БНСУ руу зорчихоор тодорхойлолт авдаг ч зөвхөн ажиллах бус олон шалтгаантай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Эрүүл
мэндийн салбарынхан БНСУ руу явж ажилладаг, цалин бага, ачаалал их гэх шүүмжлэл гардаг.
Тэгвэл тухайн байдал тус аймагт хөндөгдсөн, тухайн улс руу хөдөлмөр хийхээр
зорчдог эсэх талаар нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээс тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч болон бусад нийт 33 ажилтан БНСУ-ын консулын газарт хаягласан ажил байдлын тодорхойлолт авчээ. Энэ нь 2023 он гарсаар бүртгэгдсэн тоо юм. Дээрх тодорхойлолт авсан 33 ажилтнаас хэд нь явсан эсэхийг гаргах боломжгүй. Ихэвчлэн ээлжийн амралтаараа гадаад улс руу зорчих, аялах, хөдөлмөрлөхөөр тухайн байгууллагад ажилладаг нь үнэн эсэх талаарх тодорхойлолт авдаг ажээ. Тиймээс тодорхойлолт авсан ажилтан бүр зөвхөн ажиллахаар явах бус өөр шалтгаанаар ч зорчдог гэж ерөнхий эмч Б.Мөнхбат онцоллоо.
Цалин,
хөлсний тухайд 2022 онд эмнэлгийн ажилтнуудын цалин 20 хувиар нэмэгдсэн. 2023 он гарсаар эмч, сувилагчдын цалин мөн
нэмэгдсэн байна. Шинээр ажилд орсон сувилагч 888.743 төгрөгийн үндсэн цалин авч
байгаа бол эмч нар 1.121.879 төгрөгийн үндсэн цалинтай аж. Үүн дээр илүү цаг, ажилласан жил, бусад
нэмэлт урамшууллууд нэмэгддэг ажээ.
Одоогийн байдлаар эмч, сувилагчийн сул орон тоо буюу дутагдалтай мэргэжилтэн байхгүй аж.
Харин чих, хамар, хоолойн эмч мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтад БНСУ-д
сурч байгаа тул түр орлох эмч эмчилгээ хийж байна гэв.
Ташрамд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн нийт 1635 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Харин Нэгдсэн эмнэлэгт 112 эмч, 311 сувилагч, 137 эмнэлгийн ажилтан өдөр тутамд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.