ТӨВ: Ж.Отгончулуун: Сайн инженер болохын тулд сууриас нь ажиллах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-12 14:33:09

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул инженер механик мэргэжилтэй "Моннис Ниссан моторс" сервисийн планер Ж.Отгончулууныг энэ удаагийн ярилцлагаараа онцолж байна.




Төв аймгийн Баянцагаан сумын уугуул иргэн Жигжидсүрэнгийн Отгончулуун байна. Баянцагаан сумандаа бага насаа өнгөрүүлж, 2012-2016 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Инженер механик мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн.


-Мэргэжил сонголтоо анх ямар хүчин зүйлээс хамаарч хийж байсан бэ?  

-Бидний үед мэргэжлээ хэрхэн сонгох талаар сургалт зөвлөгөөн их дутмаг байсан. Үүнээс үүдэлтэй мэргэжил сонголтоо санамсаргүй байдлаар хийх, эсвэл улсын сургууль гэдэг шалтгаанаар эцэг эхийн санал болгосноор сонгох тохиолдол ч элбэг байсан. Харин миний хувьд санамсаргүй байдлаар энэ мэргэжлийг сонгосон. Их сургуульд орсныхоо дараа буруу сонголт хийгээгүйгээ мэдэрч мэргэжилдээ их дуртай болсон. Би өөрөө бага насандаа техникт их сонирхолтой хүүхэд байсан юм. Аливаа зүйлийг задална, угсарна, эвлүүлж, янзлах гээд элдвийн зүйлсийг сонирхож туршиж үздэг хүүхэд байлаа.


-Тэгвэл таны өөрийн бүтээсэн санаанаас гардаггүй бүтээл байдаг уу?

-Тийм ээ. Би 6 дугаар ангидаа усны тэрэг хийж түүгээрээ усанд явж байлаа. Тухайн үед аав, ээж минь баярлаж байхыг хараад надад их л урам зориг орж байсан.


-Тэгэхээр энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн нь дэмжлэг их үзүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Элсүүлэх батламж өгдөг дөө, тэрийг бурхан дээрээ залаад л тахин шүтээд байсан. Миний аав, ээж хоёр маш их баярлаж дэмжиж байсан.


-Одоо ажиллаж байгаа байгууллагадаа хэдэн онд ажилд орсон бэ? Байгууллагынхаа талаар товч танилцуулбал? Таны гүйцэтгэж буй ажлын онцлог юу вэ?

-Анх 2016 онд төгсөөд "Тоёота хэт моторс" ХХК-иас ажлын гараагаа эхлүүлж байлаа. 2019 онд "Номин моторс" ХХК-д ажилд орсон. Тухайн үед ажиллаж байхдаа бие давхар болж, хүүхдээ өлгийдөн авахдаа бэлдэж ажлаасаа гарсан. Харин 2022 оны зун энэ компанидаа ажилд орсон. "Моннис" группийн ууган компани "Моннис моторс" ХХК нь 90 гаруй жилийн түүхтэй Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг "Ниссан мотор" компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2012 онд "Моннис моторс" ХХК байгуулагдаж Ниссан брэндийн албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Ниссан брэндийн шинэ загварын автомашиныг хэрэглэгчдэдээ хүргэдгээс гадна автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. 

Жолооны ард суугаа хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж, засаж зааварчилж өгөх нь бидний ажлын онцлог гэж боддог.


-Ажлаа хийж байх үед жендэрийн хувьд ялгаатай байдал гардаг уу? Эмэгтэй хүн техник технологийн салбарт төдийлөн их ажилладаггүй шүү дээ. Тэгэхээр хүндрэл, бэрхшээлтэй зүйл тохиолдож байсан уу?

-Жендэрийн хувьд эрэгтэй хүний хийж чаддаг зүйлийг эмэгтэй хүн ч гэсэн чадаж болно гэдэг бодолтой байдаг. Гэсэн ч зарим тохиолдолд хүйсээр ялгаварлаж байгаа нь нүдэнд ил ажиглагдах үе бий. Тэр нь зарим жолооч нар энэ эмэгтэй хүн юу мэдэх вэ дээ гэсэн байр байдалтай харилцдаг. Заримдаа их бүдүүлэг санагддаг зүйл нь эмэгтэй хүн яваад очиход асуудлаа шууд ярихаас татгалзаж өөр мэддэг хүнтэй чинь уулзъя, ярья чи ойлгохгүй байх гэх хүмүүс байдаг. Үүн дээр бол адилхан л сургуулийг нь төгсөөд мэдлэгээ олоод авчихсан хүн байхад хүйсийн байдлаасаа болж дутуу үнэлэгдэх тавгүй байдаг. Харин зарим жолооч нар машиндаа болохгүй байгаа бүх зүйлийг тоочин ярьж өгнө. Эмчид үзүүлж байгаа хүмүүс шиг л бүхий л зовлон бэрхшээлийг нь ярьж өгөөд засуулаад, зөвлөгөөгөө аваад буцдаг. Ийм тохиолдолд ажлаараа бахархах, урам зориг авч, аз жаргалыг мэдэрдэг. Цаашдаа илүү ихийг сурч, мэдлэг чадвараа ахиулахын төлөө хичээдэг.


-Тэгэхэээр өөрөө засвар үйлчилгээндээ оролцдог гэж ойлгож болох уу?

-Би засвар үйлчилгээ рүү тийм ч их оролцохгүй. Анхны заавар зөвлөгөө өгөөд явж байна.


-Ажлаасаа шантрах үе гарч байсан уу? Хэрэв тийм бол ямар үед хүн хамгийн ихээр шантардаг юм шиг санагдсан бэ?

-Миний хувьд ажилдаа маш их дуртай, бүр хайртай. Ийм болохоор шантраад байх зүйл тийм ч их гардаггүй. Харин шантрах үе гарах юм бол тэр нь ажиллаж буй салбараа сольж үзмээр санагдах үе л байсан. Хүн амьдралынхаа дийлэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Иймд хамт олны уур амьсгал, удирдлагын зөв систем их чухал гэж боддог. Ийм байж л хүн ажилдаа дурлаж, үр дүнтэйгээр ажиллана. Манай ажлын хамт олон их найрсаг, тусч, шударга хүмүүс байдаг болохоор ажилдаа очихдоо “Өнөөдөр яана” гэж боддог биш “Өнөөдөр бол боломж” гэж бодож урамтай сайхан байдаг.

Ер нь надад хувийн нэг бодол байдаг юм. Ямар ч хайртай дуртай ажил байсан тэр газрыг орхих шалтгаан бол хамт олны таагүй уур амьсгал, удирдлагын буруу менежмент гэж боддог. Хүний нөөц бол байгууллагын үнэт зүйл гэж уншиж байсан юм байна. Иймд сайн хүний нөөцөө бүрдүүлэхийг хүсэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн бодлогоо сайн бариад ажиллабал ажлаасаа гарахыг хүсэхээс илүү ажилдаа хоргоддог ажилтан элбэг болох байх.  


-Сүүлийн жилүүдэд манай улсад инженерийн дутагдал их байна гэсэн судалгаа байдаг. Та үүн дээр санал бодлоо илэрхийлбэл? Сайн инженерийг бий болгохын тулд улс болон орон нутгаас ямар дэмжлэг үзүүлбэл таатай санагдах талаар үзэл бодлоо хуваалцвал?

-Сайн инженерийг бий болгохын тулд сууриас нь ажиллах хэрэгтэй. Үнэхээр инженер болох чин хүсэлтэй хүүхэд хэдий ч сургалтын төлбөр, ар гэрийн дэмжлэг дутмаг байдлаас суралцаж чадахгүй үе бий. Харин зарим нь хүсээгүй хэдий ч ямар нэгэн их сургууль төгсөх үүрэгтэй мэт байдлаас болж инженер мэргэжлийг дуртай дургүй сонгож, үнэгүйдүүлдэг.

 

Харин инженер хүн ажил дээрээ бүх л зүйл дээр анхаарал сэрэмжтэй ажиллах ёстой. Олон хүмүүсийг ахалж хариуцлагатайгаар ажиллаж байгаа хүн шүү дээ. Иймд маш хариуцлагатай, ажилдаа дуртай хүн л инженер болж чадна. Инженерүүд бид чинь төгсөөд шууд ажил дээр гараад хүмүүсийг ахлаад ажилладаггүй. Шат дараатайгаар бүхий л цаг хугацаанд сурсаар байдаг. Тэр үйл явц дундаас л бэлтгэгдэж жинхэнэ утгаараа инженер болдог.

Иймд хөдөлгүүрийг хөдөлгөж, засаж янзалж чаддаг, зургийг бодит байшин болгож чаддаг, гэрэл, дулаан, усыг бидэнд өгч чаддаг инженер мэргэжлийг чанартай, дурлаж сурах нь улсын ирээдүйд маш чухал.

 

-Ажил мэргэжлээ сонгохоор төлөвлөж байгаа сурагчид олон бий. Таны мэргэжлийг сонирхож байгаа хүүхэд залуусдаа зориулаад зөвлөмж хүргэвэл? Юун дээр илүү анхаарвал зүйтэй вэ?

-Мэргэжил бүхэн сайхан харин эзэмшсэн мэргэжилдээ л эзэн болох нь чухал. 4 жил номыг нь үзэж сурсан зүйлээ ажил дээр гарч бататгаж харуулна гэдэг бол өөрөөрөө бахархах ёстой зүйлийн нэг. Ингэж бодоход л шантрах зүйлгүйгээр зорилготой, зоригтой улам л ажилдаа дуртай болдог. Охидууд төгсөөд заавал машин засна гэсэн ойлголттой байж болохгүй та бүхэнд зориулсан маш том ажлын байрны зах зээл бий. Автозамын салбар сүүлийн жилүүдэд хүчээ авч буй салбар юм. Мэргэжлээ сонгох гэж байгаа, энэ мэргэжлийг эзэмшихээр зорьж байгаа дүү нартаа хэлэхэд ИНЖЕНЕР МЕХАНИК гэдэг мэргэжил нь хөрвөх чадвар маш сайн.

 

-Өөрийн тань хувьд жолооч нарт автомашины талаар заавар зөвлөгөө өгдөг гэж байна. Одоо тэгвэл машины хувьд залуус юунд анхаарч байвал эвдрэл гэмтэл бага гарах вэ?

-Бүх зүйлсийг цаг хугацаатай гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Автомашин гэдэг зүйл чинь байнгын хөдөлгөөнд байдаг бөгөөд элэгдэж мууддаг. Иймд өөрсдийн аюулгүй байдлыг харгалзан хугацаат үйлчилгээ болон засвар үйлчилгээгээ хугацаандаа, цагт нь хийлгэж байх нь машины эдэлгээг уртасгаж, цаг завыг тань хэмнэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

関連ニュース