Э.Макрон тэтгэврийн хуулийг зөвтгөсөн мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-18 10:18:13

ПАРИС. /France24/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагт ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх нь тэтгэврийн тогтолцоог нуран унахаас сэргийлэхэд шаардлагатай гэж мэдэгдэж, маргаан дагуулсан тэтгэврийн шинэчлэлээ зөвтгөжээ.


Гэхдээ тэрбээр энэхүү шинэчлэл нь олон нийтэд таалагдахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. “Энэ шинэчлэл хүлээн зөвшөөрөгдсөн үү гэвэл хариулт нь мэдээж үгүй. Хэдийгээр олон сарын турш хэлэлцээ хийсэн ч зөвшилцөлд хүрээгүй байна, үүнд би хувьдаа харамсаж байна. Энэ бүгдээс бид сургамж авах ёстой” гэж Э.Макрон хэлжээ.


Харин тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаал цуглааныг удирдан зохион байгуулж буй үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд байна.


Э.Макроныг үг хэлэх үеэр жагсагчид орон даяар засаг захиргааны байрнуудын өмнө тогоо, сав суулга цохиж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол Парист хэсэг бүлэг жагсагчид хогийн сав шатаажээ.


Лион хотын цагдаа нарын мэдээлснээр, жагсагчид хогийн сав шатааж, цагдаа нар луу чулуу шидсэн нь нулимс асгаруулагч хий ашиглахад хүргэжээ. Мөн өөр томоохон хотуудад үүнтэй төстэй явдлууд гарсан байна.


Францын Засгийн газар гуравдугаар сарын 16-ны өдөр тэтгэврийн шинэчлэлийг парламентад санал хураалт явуулахгүйгээр батлахын тулд Үндсэн хуулийн 49.3 заалтыг ашигласан нь олны дургүйцлийг хүргэж, эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн.


Э.Макрон өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Үндсэн хуулийн зөвлөл тэтгэврийн шинэчлэлийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэнээс хэдхэн цагийн дараа уг хуульд гарын үсэг зурсан юм. Даваа гарагт Э.Макрон Засгийн газартаа улс орны байдлыг тогтворжуулахад 100 хоногийн хугацаа өгчээ. 

関連ニュース