ТӨВ: Тариаланчдад нэн шаардлагатай байгаа зүйл бол зоорь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хаврын тариалалтын өмнөх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж буй тус уулзалт нь Монгол Улсын хэмжээнд өрнөж байгаа “Хүнсний хувьсгал”, “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”, “Тариалангийн сэргэлт”-ийн хүрээнд өрнөж байна.
Энэхүү зөвлөгөөнд 19 сумын удирдлагууд, агрономичид, 100 тариаланч, ХХААХҮЯ, ХААДС, ХААИС, ЦУОСМХ, УХЭШХ, арилжааны банкууд, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчдод зориулан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх асуудал” сэдвээр илтгэл тавьж, энэ хүрээнд “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, бүс нутгийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлж болох бусад орны сайн жишиг, туршлага, Төв аймагт хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.
Тус зөвлөгөөний талаар аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатараас тодруулбал, “Үр тарианы үйлдвэрлэл, төмсний үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариаланчдад төрөл тус бүрд нь зээлийн үйлчилгээг олгож байгаа талаар мэдээллээ. Ингэснээр хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүн тухайн салбарынхаа хөгжлийг дэмжихээр зээл авах бол нээлттэй, харин төмс, хүнсний ногооны зээл авахгүй байдлаар төрөлжсөн зээлийг олгох юм. Тариаланчдад нэн шаардлагатай байгаа зүйл бол зоорь.
Аймгийн хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тариалж чадаж байгаа хэдий ч хадгалах боломжгүй байдлаас намар их хэмжээгээр бөөнөөр худалддаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ардын үг байдаг үүнтэй ижил тариаланчдад бидэнд нэн шаардлагатай зүйлсийг эрт сануулж ойлгуулж байгаа үр дүнтэй зөвлөгөөн болж байна гэж харж байна. Мөн Төв аймаг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон супермаркет, дэлгүүртэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Гэвч тус гэрээний шаардлагад бүтээгдэхүүн нийлүүлэлт тогтвортой байх ёстой гэдэг учраас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжихээр бодлогоо тодорхойлоод ажиллаж байна” гэв.
Зөвлөгөөний хүрээнд:
- Үр тарианы зөвлөлдөх уулзалт
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтын талаар зөвлөлдөх уулзалтыг
мөн зохион байгуулах юм.
Төв аймаг энэ онд 127 мянган га талбайд тариалалт хийнэ