СҮХБААТАР: Түймрийн хэргээр дөрвөн иргэнд шүүхээс ял оноож байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүүлийн таван жилийн байдлаар Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг дөрвийг шийдвэрлэсэн байна. Тус хэрэгт холбогдогчдын гурван этгээдийг тэнсэх ялаар шийтгэж, нэг этгээдийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөжээ.
Эдгээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь иргэдээс гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан буюу тамхийг бүрэн унтраалгүй хаях, халуун үнс, нурам ил задгай асгах, хог шатаах, өөр бусад зориулалтаар асаасан галыг бүрэн унтраагаагүйн улмаас, оч баригчгүй автомашин жолоодсоноос яндангаас оч үсрэх, намрын цагт хуурайшилтай хадлангийн үед хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар оч үсэрснээс гал гарч хээрийн түймэр тавьсан нь тогтоогдсон байна. Үүний улмаас байгаль орчинд нийт 634 мянган төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурав дахин нэмэгдүүлэн, Монгол Улсын Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгон оруулдаг байна.
Түймрийн гэмт хэрэг нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие мах бодид хүнд хохирол учирсан, хүний амь хохирсон, их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг аж. Уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заажээ.