ТӨВ: Теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 640 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-24 16:58:48

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд 2023 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Зуунмод хотын Биеийн тамир спортын газарт болж байна. Тэмцээнд 18 аймаг, 34 клубийн 640 тамирчин оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьж байгаа юм. 

Тэмцээнийг холимог хос, багийн, ганцаарчилсан гэх төрлөөр зохион байгуулж байгаа бөгөөд 10-аас доош нас, 11-12, 13-15, 16-18 гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулж байна.


Тэмцээнийг Төв аймгийн 100 жилийн ой болон ширээний теннисний спортыг олон нийт, хот, хөдөө орон нутагт сурталчлах, шилдэг тамирчдыг тодруулах, оны шилдэг өсвөрийн тамирчдыг сорих, тамирчдын арга туршлага, техникийг харилцан солилцох, баг тамирчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Энэ тэмцээнээр тамирчид Азийн Залуучууд болон хүүхдийн их наадам олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхээ авах юм.


Уг тэмцээний талаар Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгээс тодруулахад, “Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү ажил нь аймаг орон нутгаа сурталчлан таниулах, энэ спортыг аймгийн хүүхэд залуус сонирхох, цаашид хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлж болох үр дүнг хүлээж байна. Өнөөдөр төв аймгаас нийт 3 баг оролцож байгаа ба Баянчандмань, Батсүмбэр, Бусад сумын шигшээ тамирчид нэг баг болон оролцож байна” гэв.


Мөн Баянхонгор аймгаас хүрэлцэн ирж оролцож буй Эрдэнэмандал сургуулийн ширээний теннисний багш, Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэсувдаас сэтгэгдлийг сонсоход, “Баянхонгор аймгаас 32 тамирчин хүрэлцэн ирж бүтэн багаараа оролцож байна. Хөдөө орон нутагт анх удаа ийм том хэмжээний тэмцээн болж байгаа нь онцлог санагдаж байна. Энэ тэмцээн олон өдөр үргэлжлэх хандлагатай байсан бол нийт 12 ширээтэй учраас 2 өдөрт дуусах боломжтой юм байна гэж харлаа, бэлтгэл зохион байгуулалт сайн байна” хэмээв.   


Түүнчлэн Завхан аймгийн ширээний теннисний дасгалжуулагч Х.Болдбаатараас тэмцээнд оролцож буй сэтгэгдлийг тодруулахад, “Завхан аймгаас 21 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэмцээндээ ач холбогдол өгч, анхаарал хандуулж сар гаруй хугацаанд бэлтгэлээ хангасан. Төв аймгийн 100 жилийн хүрээнд ийм ажил зохион байгуулж байгаад туйлын их баяртай байна. Зохион байгуулалтын хувьд маш нарийн төлөвлөсөн байгаа нь их таалагдлаа” гэв.  


関連ニュース