АРХАНГАЙ: Нийтийн тээвэрт эко автобус нэвтрүүлсэн анхдагч аймаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-15 09:26:43

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд байгальд ээлтэй цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн анхдагч аймаг боллоо.


Тус бүр нь 260.0 сая төгрөгийн үнэтэй эдгээр эко автобусууд 90 кВт-ын хүчин чадалтай, нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 150 км явах хүчин чадалтай бөгөөд нэг автобусыг ойролцоогоор 40 минут цэнэглэдэг байна. 250 кВт-ын чадалтай, хоёр хошуутай цэнэглэгчийг ч суурилуулж өглөө.


16 хүний суудалтай энэхүү гурван автобус нь дулааны улиралд 8.00-22.00 цагийн хооронд Цэцэрлэг хотын иргэдэд үйлчилнэ. Чиглэл маршрутыг туршилтаар явсны дараа тодорхой болгох ба ахмад настан, 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй зорчино. Эдгээр иргэдийн тээврийн зардлын зөрүүг Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас жил бүр төсөвтөө суулгах ажээ.


Нийтийн тээврийн автобусыг Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын захиалгаар, Голомт банкны ногоон зээлийн хүрээнд “Нутаг хүнс трейд ХХК хэрэгжүүлж, “ЭМ ЭС И ПАРТНЕРС” ХХК нийлүүлжээ.

関連ニュース