Сүхбаатар аймаг ИТХ-ын хоёр даргатай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн тухайд 2016 оны ИТХ-ын сонгуульд МАН 17, АН 16 суудал авсан. МАН анхдугаар хуралдааныг дангаараа хуулийн хугацаанд хийж, ИТХ-ын даргаар Б.Гансүхийг болоод тэргүүлэгчдийг шинээр томилсон байдаг.
Харин АН-аас шүүхэд гомдол гаргасны дагуу МАН-ын нэг төлөөлөгчийн суудлыг хүчингүй болж намуудын төлөөлөгчдийн суудлын тоо тэнцсэн. Шүүхээс МАН-ын анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзжээ.
Хэдийгээр МАН-ын анхдугаар хуралдааны талаар шүүхийн эцсийн шийдвэр гараагүй давж заалдах шатандаа яваа ч АН-ын зүгээс МАН-ын анхдугаар хуралдааныг хууль бус, өмнөх хурлын эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж үзээд хуучин дарга П. Мөнхжаргал өнөө хир нь өрөө, тамга тэмдгээ өгөөгүй өөрөө сууж байгаа юм. Гэтэл нөгөө талд МАН-ын анхдугаар хурлаар томилогдсон шинэ дарга ч мөн адил бас нэг тамгатайгаар ИТХ-ын даргын албыг хашиж байна. Товчхондоо Сүхбаатар аймаг ИТХ-ын хоёр даргатай ажиллаж байна.
МАН-ын өөрсдийн анхдугаар хуралдааныг хууль ёсны гэж үзэж байгаа нь нэгдүгээрт, анхдугаар хуралдаан хуулийн хугацаандаа 17 төлөөлөгчтэй буюу 51,5 хувийн ирцтэй хийсэн. Хоёрдугаарт нэг төлөөлөгчийн нэрийг татуулах шүүхийн шийдвэр анхдугаар хуралдааны дараа гарсан гэж үзэж байгаа юм.
Ямартай ч энэ бүх асуудал шүүхийн шатанд явж байна. Сүхбаатар аймаг одоогоор хоёр ИТХ-ын даргатай ажиллаж байгаа ч ИТХ-ын 3-р тойргийн дахин сонгуулийн шийдвэр энэ бүх асуудлын зангилааг тайлах болж байна.
Т. Одончимэг