ДАРХАН-УУЛ: Гэрлэлтийн гэрчилгээгээ өргөө цагаан гэрийн хамт гардан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас "Нэг залуу-Нэг алхам" зорилтот ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дэлхийн зөн Дархан орон нутаг төсөлтэй хамтран Дархан сумын зургаадугаар багийн иргэн Б.Төрболдын гэр бүлд Олон улсын гэр бүлийн өдөр өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Билэгт сайн өдөр таван ханатай, иж бүрэн гэрийнхээ өрхийг татан, өөдөө бадамлах галаа асааж буй залуу хосууд бага насны хоёр хүүхэдтэй аж. Өрхийн тэргүүн Б.Төрболд “Амар гаджетс” бетон цехэд ажилладаг бол эхнэр М.Мөнхзаяа хүүхдүүдээ өсгөн, хүмүүжүүлж гэртээ байдаг ажээ. “Амар гаджетс” бетон цехийн хамт олон залуу хосын өргөөг мялааж, иж бүрэн гэрийн тавилга бэлэглэжээ. Мөн Дархан Политехникийн коллежоос эхнэр М.Мөнхзаяаг нэг жилийн оёдлын сургалтад суралцах эрх олгов.
Өнөөдөр тохиож буй Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй таван залуу гэр бүлд “Гэрлэлтийн гэрчилгээ”-г Гэрлэх ёслолын өргөөнд гардуулан өгсөн. Аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулсан уг хүндэтгэлийн үйл ажиллагааны хүндтэй зочдын нэг нь Б.Төрболд, М.Мөнхзаяа нар ажээ.
Ташрамд, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир дурсгалын зүйл, “Байшин-2022” төсөлд хамрагдсан Б.Туулайхүүгийн гэр бүлээс хоёр хүүд нь монгол үндэсний хувцас бэлэглэсэн бол “Гоо наран” салоны хамт олон өнөөдрийн ёслолд оролцоход нь зориулан үсчин, гоо сайхны иж бүрэн үйлчилгээг үзүүлжээ.