ТӨВ: “Үйлдлээрээ-Үлгэрлэе” аяныг нэг сарын хугацаанд өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Олон улсын Гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд “Үйлдлээрээ үлгэрлэе” аяныг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд 2 дахь жилдээ зарлан тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус
аяны хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын
хөгжлийн газрын дарга М.Буянхишигээс тодрууллаа.
“Эцэг эх, асран хамгаалагчид үүрэг, хариуцлагаа үл ухамсарлан, хүүхдийг үл хайхрах болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлэх талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдал нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарах асуудал болж байна. Иймд эцэг, эх асран хамгаалагчдын хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг, эхийн үлгэр дуурайлал, үүрэг, хариуцлагын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хүүхдийг бэлгийн болон үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг 4 удаа зохион байгуулж, 149 эцэг эх хамрагдсан бол “Халамжтай аав” сургалтыг 2 удаа зохион байгуулж 49 иргэн оролцлоо. Мөн “Гэр бүлдээ цаг гарга” гэр бүлийн нөхөрсөг спортын тэмцээн, “Гэр бүлийн үнэ цэн” сургалт, “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” гар зургийн уралдаан, “Хосын яриа” нэвтрүүлэг, “Бүх хайраа-Гэр бүлдээ” гэр бүлийн өдөрлөг зэргийг зохион байгуулж байна” гэв.
Аймгийн хувьд 93181 хүн амтай, 28574 өрхтэй, өрх толгойлсон эх 2470, өрх толгойлсон эцэг 661, өнгөрсөн онд шинээр гэрлэлтээ 406 хос бүртгүүлж, 79 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан тоон мэдээтэй байна.