Долоо хоногт хоёр удаа үдийн хоол өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургууль бага ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгож өөрчилжээ.
Хичээлийн байрныхаа гал тогоог хоол хийх зориулалтаар тохижуулж, 9-р сарын 1-ээс эхлэн 1-5-р ангийн хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа хоол хийж өгдөг болсон байна. Хүүхдүүд өдөр бүр боорцог идээд байх нь сонирхолтой биш, заримдаа цүнхлээд харьдаг байна. Иймээс илчлэг сайтай 1, 2-р хоолыг сургуулийнхаа гал тогоонд хийж хүүхдүүддээ өгч эхэлжээ.
Тухайлбал, 5-р ангийн 5 бүлэг 1 дэх өдөр хуурай хоол идлээ гэхэд дараагийн хоолоо 4 дэх өдөр идэх жишээтэй. Тухайн өдрүүдэд бусад бүлгийн хүүхдүүд нь боорцог, цай ууж байхаар зохицуулсан аж. Тэгэхгүй бол 1100 гаруй хүүхдэд нэгэн зэрэг хоол өгөх боломж орон нутагт хомс байна.
“Хүүхдүүд үдийн хоолонд маш их дуртай байгаа. Дараагийн хоол хэзээ өгөх вэ гэж их асууж байна” хэмээн тус сургуулийн захирал Н.Бүрэн хэллээ.
Увс аймаг Б.Батхүү