СҮХБААТАР: Мод тарьж, ургуулахад зөвлөн туслах сургагч багш нарыг бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Орон нутагт мод тарьж, ургуулах чиглэлээр албан байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, сумын ЗДТГ-тай хамтран ажиллах сургагч багш нар бэлтгэгдлээ. Тус аймгийн хэмжээнд сум тус бүрд гурван сургагч багш уг үйлчилгээг үзүүлнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-наас мод тарьж, ургуулахад зөвлөн туслах 1000 сургагч багшийг бэлтгэж, мэргэшүүлэх багц сургалтыг зохион
байгуулж байгаа. Сургалтаар мод үржүүлгийн газрын тухай
ойлголт, модны төрөл зүйлийн сонголт, тарьц суулгацыг үржүүлэх арга, ойжуулалт
нөхөн сэргээлтийн технологи, хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт
зэргээс суралцаж, хээрийн дадлагад гарч ажиллажээ.
Уг сургалтад Сүхбаатар аймгаас нийт 35 хүн хамрагдаж, аймгийн БОАЖГ-аас гэрчилгээгээ гардан авчээ. Тэд энэ өдрөөс сургагч багшийн үүргээ гүйцэтгэх бөгөөд
мод тарих, арчлах, хамгаалах чиглэлээр хүссэн хүн бүрд зөвлөгөө өгөх үүрэгтэй.