СҮХБААТАР: Зүүн хойд Азид мах нийлүүлэх боломж бидэнд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 9000 орчим
малчин өрхийн 4,6 сая малтай. Эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй. Тус аймаг
2022 оны жилийн эцсийн байдлаар 34756,3
тонн мах, 1019,7 мянган ширхэг арьс шир, 3215 тонн ноос ноолуур, 960 тонн сүүг
зах зээлд борлуулжээ. Үүнээс ч илүүг борлуулах нөөц нь бий. Цаашлаад Зүүн хойд
Азид мах нийлүүлэх боломж бий гэдгийг УИХ-ын гишүүн Н.Ганибал тодотголоо.
Хөдөөгийн сэргэлт
хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хэлэхдээ, Бүс нутгийн хөгжил, орон нутгийн хөгжил,
бие даан хөгжих боломжуудыг нэгтгэхээр өнөөдрийн чуулганыг зохион байгуулж
байгаад таатай байна. Бид өнгөрсөн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн ч
хийгээгүй ажил бас бий. Орон нутагт бие даасан эрх мэдэл хэрэгжүүлэх орон зайг
өгдөггүй. Шийдэл гардаг ч эрхзүйн боломж байдаггүй.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий
аймаг нэгдсэн бодлоготой байх, эдийн засгийн үр өгөөж, боломжийг нэмэгдүүлэх
чиглэлээр ярилцахаар өнөөдөр энд цугласан гэж ойлгож байна. Бид хамтдаа Зүүн
хойд Азийн хүнсний хангамж, хөгжилд ямар оролцоотой тоглогч болох талаар
ярилцаж, шийдэл гаргах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарт, газар тариалангийн 30
мянган га талбайн 15 мянга нь эргэлтэд орж байгаа ч үлдсэн 15 мянга нь нэг
компанид байдаг, ямар ч ажил хийгдэлгүй явсаар 30 жил болж байна. Энэ нь атаршсан
талбайг ашиглах боломжийг өнөөдрийг хүртэл боомилсоор байна. МАА, газар
тариаланг хослуулсан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн Зүүн хойд Азид мах
нийлүүлэх боломж бидэнд бий гэдгийг тодотгоод ХАА-н экспортыг нэмэгдүүлэхэд
анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.