ХОВД: Ахмад хилчид Булган сум хүртэл 400 км гүйнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-22 14:40:10

Жаргалант /МОНЦАМЭ/. Ахмад хилчин О.Нямцэрэн, В.Дамдинсүрэн нар Ховд аймгийн төвөөс Булган сум хүртэл 400 км зайд гүйх бөгөөд тэдний хэт холын зайн гүйлт өнөөдөр эхэлж байна. 

Хил хамгаалах байгууллагын ууган отряд болох Хилийн цэргийн 0130 дугаар анги үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол Улсын баруун хил дээр зэвсэгт тулгаралт болсны 75 жилийн ойн баярыг угтан эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хилчин хүний тэсвэр хатуужил, эр зоригийг илтгэн харуулах зорилгоор хилчин хурандаа нар хэт холын зайд гүйхээр бэлтгэл хангасан.   

Ховд аймгийн хилийн цэргийн болон зэвсэгт хүчний анги, хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл, ажилтан алба хаагчид өнөөдөр аймгийн төв талбайд цуглаж, хэт холын зайд гүйх хилчин хурандаа нартай уулзан, амжилт хүслээ. Мөн 10 гаруй алба хаагч ахмад хилчин хурандаа нарт хүндэтгэл илэрхийлж, аймгийн төв талбайгаас Модон овоо буюу. Бичигтийн хөтөл хүртэл хамтдаа гүйж, үдэн гаргалаа. 

Ахмад хилчид Ховд аймгийн төвөөс Манхан сум, Бага улаан даваа, Алтай, Үенч сумыг дамжин Булган сумын төв хүртэл гүйхдээ 10-15 хоног зарцуулна. Улмаар 6 дугаар сарын 8-нд Булган сумын төвд байрлах Улсын баатрууд, Эх орончдын хөшөө, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд барианд орохоор төлөвлөжээ.   

Хэт холын зайн гүйлтэд оролцогч Ахмад хилчин Отгоны Нямцэрэн бол хууль хяналтын байгууллагад 32 жил ажилласан. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд Маршал Чойбалсаны тушаалаар Ардын группийн ахлагчаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн тэргүүн эгнээнд явсан Булган сумын уугуул, эх оронч Батбаярын Дүгэрийн ач юм.    

Харин Ховд аймгийн Дарви сумын уугуул Ванчигнямын Дамдинсүрэн нь Хилийн цэргийн застав салбарын дарга, Дорноговь, Завхан, Ховдын отрядын дарга зэрэг албанд ажиллаж, албаа нэр төртэй хаасан. 2018 онд Монгол Улсын хилийг явганаар тойрч хилчин хүний эр зориг, хүмүүжил, сэтгэл зүйн бэлтгэлийг илтгэн харуулж чадсан, спортын мастер, Аялагчдын холбооны гишүүн гэдгээрээ онцлогтой.    

関連ニュース