ОРХОН: Зөвхөн зэсээр бус модоор өрсөлдье

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-16 21:23:14
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх мега төслүүдээс дурдвал, “Эрдэнэт” ойн генетик нөөцийн төв, “Эрдэнэт” үйлдвэр, технологийн парк,” Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк, Агропарк юм.


Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь Эрдэнэт хот төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон үр ашиг авчрах төсөл юм. Төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж байна.  


Юуны өмнө модыг бизнес, ашиг гэж харж буй зарим улс, орны жишээг дурдъя.


Жишээ 1. БНСУ дайны дараах эх орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд  эхлээд мод тарьжээ. Үүнээс сүүлийн 30 жилд навчит модыг бүх газартаа  тарьж  улмаар нийт газар газар нутгийнхаа 63 хувийг ойжуулж үүний 90 хувийг нь өөрсдөө тарьж ургуулсан байна. Дараа нь шилмүүст мод тарьж ойн үнэт чанараа сайжруулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ойн үнэт чанараа хадгалж навчит мод, шилмүүст мод гэсэн дараалалтай тарьсанаар мод, ургамлаа эргээд ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн байна. 


Жишээ 2. Араб улс Саудын Арабдаа 10 тэрбум, Дундад Азид 40 тэрбум мод тарихаар ажлаа эхлүүлж  дэлхийн хүн нэг бүрт 6.5 ширхэг мод ноогдохоор ойжуулалтын мега төслөө хөдөлгөөд байна.


Жишээ 3. Монгол Улс 2021 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж Дэлхийн анхаарлыг татаж чадсан юм. Тэрбум модны 100 саяыг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тарих амлалт авсан бөгөөд үүнийг хэрэгжүүлж  Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулж үр, хөрс, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлж эхэлсэн.  Энэ төвийг байгуулахдаа,  модны нийгэм, эдийн засаг, байгаль, экологийн ач холбогдлыг харгалзан үзэж уур амьсгалыг зөөллөх экосистемийг бүрдүүлэн, танин мэдэхүй, аялал, жуулчлалтай хослуулж байгаагаараа онцлог юм.


Иймд 100 сая модыг тарихын тулд эхлээд үр, хөрс, суулгацын нөөцөө бэлдэж “Эрдэнэт” ойн генетик нөөцийн төв буюу 1000 тонны багтаамжтай зоорь, агуулах, лабораторийг байгуулаад байна. Үүнийг үзэх гэж гадаад, дотоодын олон жуулчин ирж байгаагаас нэг жил гаруй хугацаанд 1300 гаруй зочинд үйлчилжээ.


100 сая модны 20 саяыг нь Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн харьяа газарт, 30 саяыг нь говь, хээрийн газарт, 30 саяыг нь Хангайн бүсэд, 20 саяыг нь Хангал голын эрэг дагуу, хамгаалалтын зурваст тарина.

 

ЭРДЭНЭТ ХОТЫГ ИНТООР ЖИМСНИЙ ХОТ БОЛГОНО  



Эрдэнэт хотод тарих модны 10 сая нь гэр хороолол, олон нийтийн газарт юм. Юуны өмнө орчин зөөлрүүлдэг улиас, хайлаас модыг үрээр болон мөчрөөр тарих гэнэ. Үүнийг дагаад зөвхөн нэг төрлийн жимсний модыг дагуулж тарих ажээ. Тус төвд одоогийн байдлаар 50 мянган ширхэг үхрийн нүдний мөчир, 16 мянган ширхэг интоор модны суулгац байгаа юм. Үүний алиныг нь мод дагуулж тарихаа шийдээгүй байна. Интоор жимс нь хүний цусан дахь шээсний хүчлийг саармагжуулдаг тул эрүүл мэндэд нэн тустай ажээ. Киргизийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар Орхон аймагт улиас, хайлаас модыг дагуулаад интоор жимсийг тарих нь ашигтай гэлээ. Үүний тулд гэр хороололд эхлээд модот гудамж байгуулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ёстой ажээ.  


Говьд тарих 30 сая модыг энэ жилээс хэтрэхгүйгээр тарих гэнэ. Өнгөрсөн жил тус төв хайлаас модны үрийг цуглуулж говийн шороон шуурганы эсрэг тэмцэхээр үрийн нөөцөө хангалттай бүрдүүлжээ.


Хангайн бүсэд тарих 30 сая мод нь зөвхөн нарс, шинэс, гацуур байх гэнэ. Дээр дурдсанчлан БНСУ ойн үнэт чанараа хадгалахын тулд эхлээд навчит мод, дараа нь шилмүүст мод тарьсан шиг Монгол Улс хангайн бүсдээ нарс, шинэс, гацуур тарьж ойн модныхоо үнэт чанарыг дээшлүүлж байгаа юм. Одоо тарьсан мод хамгийн багадаа 20 жилийн дараа үр ашгаа өгөх ажээ.


Хангал голын хамгаалалтын зурваст тарих 20 сая модны үрийг Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв бэлджээ.

ҮРИЙН ТӨВ



Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь өнөөдрийн байдлаар 1387 кг үр цуглуулсан байна. 2021 онд Монгол Улсын хэмжээнд модны үрийн нөөц ердөө  230 кг байсан бол өнөөдөр 1300 кг болтлоо нэмэгджээ. Үүний 800 кг-ыг байгалиас бэлдэж үлдсэнийг нь иргэдээс худалдаг авчээ. Үрийн агуулах нь 1000 тоннын багтаамжтай тул жил бүр хангалттай нөөц бэлдэх боломжтой юм.


ХӨРСНИЙ ТӨВ

Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв нь тэрбум модны хөрсний нөөцийг бүрдүүлэх бөгөөд бууцаар бордоо,  чийгийн улаанаар хөрс бэлтгэх юм. Бууцаар бордоо бэлдэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгонд байрлана. Тэнд өнжсөн бууц их байдаг тул түүнийг ашиглах ажээ. Мөн уурхайчдын хоолны үлдэгдлээр чийгийн улаан хорхойг хооллож хөрс бэлдэж байна. Хорин тоннын савнаас гурван сард нэг удаа 10 тонн хөрс бэлдэж авна. Цаашид 100 савнаас 50 тонн хөрсийг 3 сар тутамдаа аваад байвал мод тарих хүсэлтэй хүн бүрд хар шороон, сийрэгжсэн хөрс өгч болох ажээ.

Хөрсний төвд Монгол Улсын газар нутаг бүрийн хөрсийг байрлуулж иргэдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлнэ. Мөн тус төв ашигт микоризийг ургуулахаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Биологийн академитай хамтран ажиллах аж.  

МОД ҮРЖҮҮЛГИЙН ТӨВ

Мод үржүүлгийн “Эрдэнэт” төв нь тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилготой бөгөөд зөвхөн 100 сая мод гэлтгүй тэрбум мод тарих гол дэд бүтэц юм. Нийт 100 га талбайг хамрах уг төсөл нь аялал жуулчлал, амралт зугаалга, танин мэдэхүй, экологийн боловсролыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм. Үүнд нэг сая модыг нэг хүн нэг өдрийн дотор тарих боломжтой бүрэн автоматжуулсан дэвшилтэт технологи ашиглана.  


Өөрөөр хэлбэл, мод үржүүлгийн газарт хүн бүр мод тарьж өөрийн хүссэн ойн төглөө байгуулах боломжтой юм. Үүнийг дагаад зочид буудал, амралтын газар, ресторан гээд нийгмийн үйлчилгээнүүд бий болж ажлын байр ч нэмэгдэнэ. Энэ бол Монголын байгаль орчин, аялал жуулчлалын салбарт гарч буй шинэ сэргэлт, шинэ эргэлт юм.

МОД БОЛ УРГАДАГ АЛТ



Ойн инновацын “Эрдэнэт” парк гэж нэрлэж болох энэ дэд бүтэц нь Эрдэнэт хот, Монгол Улсыг дэлхийд таниулах хамгийн чухал төслийн нэг юм. Монголд бизнес хийе, ашиг олъё гэвэл мод тарь гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Мод бол ургадаг алт.  

Цаашид Монгол Улс газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлье гэвэл ойн аж ахуй, ойн агропаркийг зэрэгцүүлж хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд модыг дагаж чийг хуримтлагдан жимс, ногооны ургац сайн гарч, бэлчээрийн чанар ч сайжрах аж. Энэ мэтчилэн тарьсан мод бүрээсээ ашиг хүртэж чадвал Монгол Улс асар богино хугацаанд хөгжих боломжтой юм.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад карбон кредитийн тогтолцоог бий болговол мод тарих төсөл бүрээсээ дэлхийгээс мөнгө авч болох юм. Өнгөрсөн онд дэлхийн 46 улсын харьяанд нүүрстөрөгчийн шууд үнийг тогтоох 68 механизм ажиллажээ. Эдгээрт карбон арилжааны 32 систем багтаж байгааг Дэлхийн банк мэдээлж байв. Тиймээс Монгол Улс нүүрсхүчлийн хийн шингээлт бүрээсээ олон улсаас мөнгө авч болох боломж ойрхон байна.

Үүнийг зөв менежмент, зөв хөрөнгө оруулалтаар шийдэж чадвал Монгол Улс дэлхийн зах зээлд зөвхөн зэсээр бус модоор өрсөлдөх боломжтой юм.

 

 

関連ニュース