Австралид уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөх талаар бүх нийтийн санал асуулга явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /DW/. Австралийн парламентын Сенатын танхим аборигенүүд болон Торресын хоолойн арлуудын оршин суугчдыг тивийн уугуул иргэд гэж хүлээн зөвшөөрөх, хууль тогтоох байгууллагад дуу хоолойгоо хүргэх эрхийг нь Үндсэн хуулиар баталгаажуулах талаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг баталлаа.
Зургаадугаар сарын 19-ний даваа гарагт болсон санал хураалтаар 52 сенатч санал асуулгыг явуулахыг дэмжсэн бол 19 нь эсэргүүцжээ.
Бүх нийтийн санал асуулга энэ онд болох ёстой. Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, "Манай парламент бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжлээ, одоо Австралийн ард түмэн уугуул иргэдийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч "тийм" гэж хэлэх боломжтой болж байна" гэжээ. Тэрбээр мөн удахгүй болох санал асуулга нь "үндэсний эв нэгдлийг харуулах, үндэстнийг улам агуу болгох мөч болно" гэж онцлон тэмдэглэсэн байна. Тус улсын парламентын доод танхим бүх нийтийн санал асуулга явуулахыг хэдийн дэмжжээ.
Санал асуулгыг хэдийд явуулахыг хараахан товлоогүй байгаа боловч энэ оны 10-12 дугаар сарын хооронд явагдах төлөвтэй байна. Санал хураалтаар оруулсан саналыг австраличуудын дийлэнх нь дэмжвэл Австралийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
Нэмэлт өөрчлөлтийн дагуу Австралийн уугуул иргэд парламентад дуу хоолойгоо хүргэх эрхтэй зөвлөх хороогоо байгуулах боломжтой болно. Энэ хороо нь парламентын гишүүдэд уугуул иргэдтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх юм байна.