СҮХБААТАР: Залуу гэр бүлүүдэд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-20 15:52:32

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аар баталсны дагуу энэ оноос хэрэгжүүлж эхлээд буй  "Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөр"- ийн хүрээнд орон нутагтаа ажиллаж амьдарч буй болон шинээр шилжин ирсэн хоёр залуу гэр бүлд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.  


Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 дахь жилдээ ажиллаж байгаа залуу гэр бүл Сэтгэц наркологийн тасгийн сувилагч Г.Баясгалан, ЯТТ-ийн ахлах сувилагч Г.Золзаяа болон Улаанбаатар хотын гурав дахь шатлалын эмнэлгээс өөрсдийн хүсэлтээр шилжин ирсэн мэс заслын сувилагч С.Одгэрэл, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагч Э.Дэлгэрмаа нарын гэр бүлд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж, 10 сая төгрөгийн эрх бүхий батламжийг аймгийн Засаг дарга М.Идэрбат гардуулсан юм.


Миний хувьд олон улсын Улаанбаатар их сургуулийг сувилахуйн мэргэжлээр төгсөөд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн мэс заслын тасагт дөрвөн жил ажиллаад өнгөрсөн тавдугаар сараас өөрийн хүсэлтээр гэр бүлийнхнийхээ хамтаар нутагтаа шилжин ирсэн. Орон нутгаа зорин ирсэн залуу гэр бүлээ дэмжин ажиллаж байгаад маш их баяртай байна хэмээн С.Одгэрэл ярилаа.


Хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй дээрх хөтөлбөрийг 2023-2027 оны хооронд үе шаттай хэрэгжүүлнэ. 

関連ニュース