ЗАВХАН: Татвар төлөгч борлуулалт хийх бүрд төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн Татварын хэлтэс цахим хуудас болон утсаар иргэдэд зөвлөгөө
мэдээллийг өдөр бүр өгдөг болжээ.
Тухайлбал, бизнес
эрхлэгч аж ахуйн нэгжүүд, ялангуяа томоохон зах худалдааны төвийн бизнес
эрхлэгчид и-баримт өгдөггүй гэх гомдол цахим орчинд тархсантай холбоотой тодруулга
мэдээллийг хүргэж байна.
Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй. Тиймээс иргэн та худалдан авалт хийх бүрдээ төлбөрийн баримтаа авч хэвшээрэй.
Төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийг татварын хэлтэст мэдээлж, и-баримтыг шаардах эрхтэй. Учир нь НӨАТ-ын тухай хуулийн 17.6-д зааснаар,
Албан
татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн
баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй
мэдэгдэх үүрэгтэй.
ААНОАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага гэж бий.
Тухайлбал, “13.1.1.тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх.
13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх.
13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх.
13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх зэрэг нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гэж заасан байдаг.
Тиймээс татвар төлөгч та борлуулалт хийх бүрдээ төлбөрийн баримтаа
олгож хэвшээрэй.
Завхан аймгийн тухайд татвар төлөгч, иргэн, аж ахуйн нэгжүүд нь хуулийн дагуу борлуулалт хийх бүрдээ и-баримтыг олгох үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар татварын албанд ибаримттай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. Татварын бүх төрлийн үйлчилгээ, санал гомдол, зөвлөгөө цахимжсан байгаа. Мөн манай хэлтсээс цахим хуудсаараа дамжуулан “Завхан аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр асуух асуулт байвал энэ постны доор үлдээнэ үү.
Татвар төлөгчийн болон #Ебаримтын_НУУЦ_ҮГ авахтай
холбоотой асуултаа чатаар ирүүлээрэй” гэхчлэн ирүүлсэн асуултуудад хариулт өгч, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Түүнчлэн 70462324, 70462134 утсаар 09.00-18.00 цагийн хооронд зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар
цахимаар болон утсаар 370 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Иргэд цахим төлбөрийн
QRBARIMT-ын
талаарх мэдээлэлтэй боловч ашиглахгүй байна.
“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг 2020 оноос эхэлж ашигладаг болсон. Энэ нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.
Энэхүү баримтыг зориулалтын пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгож байна. Тодруулбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй гэх мэт олон шалтгаанаар иргэдэд ebarimt өгч чаддаггүй татвар төлөгчид ашиглаж байгаа юм.
Монголын татварын алба лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 19 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулсан. Ингэснээр иргэд худалдаа, үйлчилгээ хийсэн газартаа татварын албанаас байршуулсан QR кодыг Ebarimt аппликейшны камераар уншуулан ‘И-баримт үүсгэх’ товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ “цахим төлбөрийн
QRBARIMT” үүсгэнэ. Үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган ebarimt аппликэйшнаар /эсвэл
invoice.ebarimt.mn/ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт иргэнд автоматаар бүртгэгдэж байгаа юм.
Иргэн бүр татвар төлөгчийн “Цахим төлбөрийн QRBARIMT”-ийг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой учраас иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгох боломжтой. Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд мөн адил сэргээн авч болно.
Тиймээс иргэд цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй
qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаад өдөр тутам хэрэглэж, хэвшихийг уриалж
байна гэж аймгийн Татварын
хэлтсээс мэдээлэв.