ЗАВХАН: Түүхэн 100 жилийн ойгоо угтаж олон нийтэд зориулсан талбайтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн төв талбайн тохижилт, барилгын ажил дуусаж, өнөөдөр улсын комисс хүлээн
авчээ.
Завхан аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Баян Айраг эксплорэйшн" ХХК-ийН хөрөнгө оруулалтаар талбайн тохижилтын барилгын ажлыг 2022 оны зургаадугаар сараас эхлүүлж, "Дэлгэрэх төгс хийц" ХХК гүйцэтгэжээ.
Нийт 10 мянган м.кв талбайн тохижилтыг 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийсэн байна. Төв талбайг Завхан аймгийн байгалийн өвөрмөц тогтцыг бэлгэдэж уул толгод, ус, ургамал бүхий гурван хэсгээр тохижуулсан аж.
Аймгийн төв талбайн чухал хэсэг болох, хүүхэд багачуудад зориулсан талбай. Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан резинэн зөөлөвч бүхий хавтантай иж бүрэн тоглоом, скэй бордын талбай.
Төв талбайд нийт найман төрлийн 4000 гаруй мод тарьж суулгажээ.
Ёслол хүндэтгэлийн хэсэгтэй залгаа орших хэсгийг тав тухтай сандал, ногоон байгууламж, усан оргилуур бүхий иргэдийн амарч зугаалах нийтийн талбай хэлбэрээр тохижуулжээ.
Олон нийтийн хэсэг нь ногоон байгууламж, амарч суух сандал, гэрэлтүүлэг бүхий талбай аж.
Аймгийн нутгийн удирдлагын ордны урд талбайг ёслол хүндэтгэлийн хэсэг болгож, гантиг чулуун хавтангаар тохижуулжээ.