СҮХБАААТАР: Морины уралдааныг шаардлагатайгаас бусад автомашин дагахгүй байх уриалгыг гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хурдан морины уралдааныг эрсдэлгүй, аюул осолгүй, элдэв маргаангүй зохион байгуулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цаашлаад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас “Уяачдын уулзалт, зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөний төгсгөлд талууд хамтран хурдан морины уралдааны үеэр холбогдох мэргэжлийн байгууллагуудын машинаас бусад автомашиныг дагуулахгүй байх, уралдаанч хүүхдийн аюулгүй байлыг хангаж, хамгаалах хувцсыг иж бүрэн өмсүүлж хэвших, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч нар зохион байгуулалтад орж, Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах уриалгыг гаргав.
Өөрөөр хэлбэл морины уралдааныг олон тооны машин дагадаг байдлыг зогсоохыг уяачид дуу нэгтэйгээр дэмжлээ. Ийнхүү морины соёлоороо манлайлагч хурдны өлгий нутгийн уяачид, адуучид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хурдан морины уралдааныг олноороо дагадаг явдлыг таслан зогсоож, улсдаа үлгэр жишээ болох зорилтыг тавьж байна.
Аймгийн Цагдаагийн газрын удирдлагуудаас гадна бүх сумын хэсгийн төлөөлөгч нар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага, төлөөллүүд болон Сүхбаатар аймгийн 13 сумын улс, аймаг, сумын цолтой уяачдын төлөөлөл дээрх уулзалт зөвлөгөөнд оролцсон юм.
Мэргэжлийн байгууллагуудаас уяачидтай холбогдох мэдээллийг өгч, харилцан саналаа солилцон, тулгамдаж буй асуудлыг цаашид хэрхэн хамтдаа шийдвэрлэх талаар тэд хэлэлцэж байна. Уяачдын хувьд энэхүү гурван талт уулзалтыг цаг үеэ олсон, маш зөв үйл ажиллагаа болж байгааг сайшаав.
Зөвлөгөөний төгсгөлд талууд хамтарсан нэг
шийдвэрт хүрч, уриалга гаргах юм. Улмаар тус уриалгыг аймаг орон нутгийн
удирдлагуудад танилцуулж, ажил хэрэг болгоно гэдгийг зохион байгуулагчид
хэллээ.