ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг БНСУ-д туршлага судлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-30 17:25:52

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын “Скаутын холбоо”, Кёнги аймгийн “Нийгэм эдийн засгийн холбоо”, “Ахмад настныг асран сувилах газар”-ын төлөөлөгчид Говь-Алтай аймагт зочиллоо.


Тэд зургаадугаар сарын 24-27-ны өдрүүдэд тус аймагтай танилцан, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх бүрэн тоноглогдсон автомашиныг буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгсөн юм. 


Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн удирдлагуудын зүгээс хэд хэдэн санал хүргүүллээ. Тухайлбал, 

-Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, жилд 30-аас доошгүй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон бусад ажилчдыг БНСУ-ын эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлж, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх;

-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид нэн шаардлагатай байгаа VITEK 2 compact бүрэн автомат аппаратыг нийлүүлэхэд туслалцаа үзүүлэх; 

-Скаут хүүхдүүдийн зун болон өвлийн camp /зуслан цугларалт/ солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж, жилд 100-аас доошгүй хүүхдийн солилцоо хийх;  

-Аймгийн ахмадын холбоотой хамтын ажиллагаа тогтоож, зөвлөх болон сайн дурын ажилтнуудыг ажиллуулах, туршлага судлуулах талаар харилцан санал солилцсон тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


関連ニュース