Гурван чиглэлд эргүүл ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-13 17:23:21

Увс аймгийн Өлгий, Өмнөговь суманд бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан аймгийн төв болох Улаангом сумын 3 чиглэлд 24 цагийн эргүүл ажиллуулж эхлээд долоо хонож байна.

Энэ хүрээнд Улаангом руу орж, гарч байгаа тээврийн хэрэгслүүдийг ариутгалын бодисоор ариутгаж байгаагаас гадна Өлгий, Өмнөговь сумаас ирсэн мал, малын гаралтай түүхий эдийг аймгийн төв рүү оруулахгүй, сэжигтэй байвал газар дээр нь устгалд оруулж байгаа аж.

Уг өвчин нь агаар дуслын замаар дамждаг тул бусад сумдад тархааж газар авахуулахгүй байх, сумдаас аймгийн төв рүү гарал үүслийн гэрчилгээтэй мал мах оруулах бодлогыг мэргэжлийн байгууллагынхан барьж байна.

Үүнээс гадна Өлгий, Өмнөговь сумдад мөн 24 цагийн эргүүл ажиллуулж байна. Өмнөговь сумын тухайд гэвэл Хүрэн үзүүр, Хар шанага, Шургуун үзүүр, Хөх хөтөл, Өмнө элсэн гол гэсэн газруудад эргүүл ажиллаж байгаа аж.

Энэхүү хорио цээрийн дэглэм энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд малын эмчийн хүрэлцээ хомс байна.

Увс аймаг Б.Батхүү                    

関連ニュース