Мөрдөн шалгах ажиллагаанд 800 гаруй хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-01 09:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь долоодугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, 95 гомдол, мэдээллийг шалгажээ.


Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн 838 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 826 хэрэг шалгаж байгаа аж.


Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

СХД-ийн цагдаагийн газрын албан хаагч “А” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан  гэх;


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авсан гэх;


“Т” нь “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;


Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн захирагч “Н”, Авто замын шалган нэвтрүүлэх боомтын заставын дарга албан тушаалтай “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;


Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга “Э” нь бусдад давуу байдал бий болгож бусдаас удаа дараа хахууль авсан гэх зэрэг хэргийн талаар АТГ мэдээлэв.

 

関連ニュース