Саудын Араб олборлолтоо үргэлжлүүлэн танана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-04 16:19:35

ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Араб газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт нэг сая торхоор бууруулах шийдвэрээ есдүгээр сарын эцэс хүртэл сунгаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.


Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ-аас бүрддэг “ОПЕК+” бүтцийн орнууд зургаадугаар сард болсон уулзалтаар олборлолтоо бууруулах төлөвлөгөөгөө 2024 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.


Уулзалтын үеэр Саудын Араб улс долоодугаар сард олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт нэг сая торхоор бууруулахаа мэдэгдэж, хожим нь наймдугаар сарын эцэс хүртэл сунгаснаа мэдэгдсэн байна. Тус улсын Эрчим хүчний яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, сайн дурын үндсэн дээр олборлолтоо танах шийдвэр есдүгээр сард үргэлжлэн хэрэгжинэ. Мөн цаашдаа олборлолтыг үргэлжлүүлэн танах эсвэл улам бууруулж магадгүй ажээ.


Саудын Арабын энэ шийдвэр нь газрын тосны үнийг өсгөх зорилготой юм. Нью-Йоркийн биржид энэ оны эхний хагаст “WTI” маркийн нэг торх газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 70 ам.доллароос доошилсон удаатай. Харин Саудын Араб долоодугаар сараас олборлолтоо танаснаас хойш өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд пүрэв гарагт дээрх мэдэгдлийг хийсний дараа “WTI” маркийн нефтийн үнэ хэсэг хугацаанд 81 ам.доллароос давжээ.



関連ニュース