ХОВД: Нэгдүгээр сургуулийн номын санг Д.Жүгдэрбарамын нэрэмжит болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн
Номын санг Монгол Улсын гавьяат эдийн
засагч, төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дагвын Жүгдэрбарамын
нэрэмжит болголоо.
Д.Жүгдэрбарам
нь 1952 онд Ховд аймгийн Манхан
сумын нутаг "Зэрэг гол" гэх газарт төржээ.
Тэрээр улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, уран зохиол,
сэтгүүл зүйн салбарт хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж, олон хүнийг сурган хүмүүжүүлсэн соён
гэгээрүүлэгч юм.
Түүний
"Өштөн өөрөө төрдөг" бүтээл нь 2000 онд улсын хэмжээнд шилдэг жүжгээр
шалгарч "Соёлын тэргүүний ажилтан" цол хүртсэн бол "Уул усны
эзэн" ном нь 2006 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж,
"Жимсний төгөлд шарилж ургадаггүй" хүүхдийн жүжиг нь 2012 онд шилдэг
бүтээлээр шалгарч, Монгол Улсын Соёлын санд хадгалагдсан байна.
Д.Жүгдэрбарамын зохиосон "Ховд хот" дууны шүлэг нь нутгийн онцлог, түүх, соёл, ёс заншлыг цогцоор нь илэрхийлсэн тул тухайн уран бүтээлийг 2010 онд Ховд аймгийн сүлд дуу болгон баталжээ.
Улмаар
Ховд хот дууг 2018 онд сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын заавал суралцах
дуу болгож,
олон нийтэд зориулсан томоохон үйл ажиллагааны хүрээнд тус дууг эгшиглүүлж байх
тухай захирамж гаргасан ба
2020
онд уг
дуунд зориулсан хөшөө бүтээсэн юм.
Өнөөдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын
Лаборатори нэгдүгээр сургуулийн Номын санг
Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, яруу
найрагч Д.Жүгдэрбарамын нэрэмжит болгосон нь түүний зохиол бүтээлийг хадгалж
хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын сурч хөгжих орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Энэ жил Лаборатори нэгдүгээр сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь номын санг нэрэмжит болгож, Д.Жүгдэрбарамын уран бүтээлийг алдаршуулах хүндэтгэлийн ёслол байлаа.