ДАРХАН-УУЛ: Хөлбөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд бямба гарагт боллоо.
Тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн болбоо, Дархан-Уул аймгийн Хөлбөмбөгийн холбоо, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Орон нутагт хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой тус тэмцээн нь “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээн аж. Тэмцээнийг нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхийлөгч М.Болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан үг хэллээ.
2022 оны дээд, нэгдүгээр шатны аварга багууд болох Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн шигшээ багуудын ахлагчид МХБХ-ны тэмцээн зохион байгуулагчдад аваргын цомуудаа шилжүүлэн гардуулан өглөө.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн 60 жилийн ойн хүндэтгэлийн медалиар МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Тэрбаатар болон Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар энгэрээ мялаажээ.
Наймдугаар сарын 19-ний өдөр дээд болон нэгдүгээр шатны аварга багууд тодрох ажээ.