ХОВД: "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийн загвар хаусны шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төвд гэр хороололд 5700 гаруй өрх амьдарч байна. Эдгээр өрхийг утаа гаргаж агаар бохирдуулах
яндангүй, хөрс бохирдуулах ил жорлонгүй хашаандаа хаустай амьдрах боломж
бүрдүүлэх үүднээс "Хашаандаа сайхан амьдарцгаая" төслийг эхлүүлсэн.
Төслийн үр дүнд одоогоор 3000 айл цэвэр, бохир усны шугамд холбогдох боломж бүрдээд байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 300 айл л гэртээ цэвэр, бохир усны шугам оруулж, ая тухтай амьдарч байгаа юм.
Тиймээс
иргэдэд хэрхэн хямд зардлаар, хурдан хугацаанд, чанартай хаус барих аргыг зааж
өгөх зорилгоор Ховд эко цементийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар "Ховдын
өргөө" ХХК-ийн хамт олон загвар хаус барьж байгаа бөгөөд наймдугаар сарын
15-нд ажлаа албан ёсоор эхэлж, шав тавьсан гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.
Ирэх өвлөөс өмнө урьтаж синглэ, твин, таун загварын хауснууд ашиглалтад орно.
Өнөөдөр Ховдод 1 м/кв байр 2.500.000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 80 м/кв орон сууц авахад 200.000.000 төгрөг шаардлагатай.
Тэгвэл
хямд чанартай дулааны алдагдалгүй амины хаусыг загвар, хийцээсээ хамаарч зах
зээлийн ханшнаас 2 дахин бага өртгөөр барих, ногоон зээлд хамрагдах боломж буйг
харуулахад дээрх төслийн зорилго чиглэж байна.
"Хашаандаа
сайхан амьдарцгаая" төслийн
хүрээнд
загвар хаусны шав тавих ёслолын үеэр
Баатархайрхан,
Бичигт, Тахилт багийн иргэдээс
цэвэр,
бохир усны шугам сүлжээнд холбогдох санал хүсэлт хүлээн авлаа.