ДАРХАН-УУЛ: Аймгийн Засаг дарга удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-17 16:05:47

Дархан /МОНЦАМЭ/.  Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр удирдах ажилтны хурал болж аймгийн Засаг дарга сум, хэлтэс, агентлагийн дарга нарт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд, хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.


Үүнд: Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагчдад чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах ажлын хэсгийг гаргах, хүүхдийн хоолны үйлдвэр, үйлчилгээтэй холбоотой асуудлыг анхаарах, нэгдсэн нэг байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг хангадаг байх ажлыг судалж зохион байгуулахыг БШУГ-т үүрэг болголоо.


Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан эрсдэлт бүлэгт байдаг хүүхдүүдэд туслах, хичээлийн хэрэглэл олгох ажлыг зохион байгуулах багийн дарга, сургуулийн захирлуудад үүрэг болгов.


Багийн дарга нар СӨХ-той хамтран багийнхаа нутаг дэвсгэрийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлж шарилж устгалын ажлыг есдүгээр сарын нэгэн хүртэл зохион байгуулж дуусгахыг Захирагчийн ажлын албаны даргад чиглэл өглөө.


Үерийн аюулыг хохирол багатай давсан ч бороо, усны аюул дуусаагүй байгаа тул анхаарал болгоомжоо сулруулахгүй, эрсдэлтэй газруудад арга хэмжээ авч, Дархан сумын гуравдугаар багийн үерийн даланг дуусгах, зураг төсвийг яаралтай хийх, 31-р хорооллын үерийн далангийн ажлыг эхлүүлэхийг Дархан сумын даргад үүрэг болголоо.


Суурьшлын бүсэд могой орж ирэх холбоотой дуудлага, мэдээллийн дагуу үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн хүн бэлтгэж, томилж ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, шаардагдах багаж хэрэгслээр хангах зардлыг аймгийн онцгой комиссоос шийдвэрлүүлэхээр болсон байна.


Тарваган тахалтай холбоотой иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг холбогдох байгууллагууд цахим хуудсаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээллийг чиглэл болголоо.


Түүнчлэн намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан төмс, хүнсний ногоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн худалдааг 2023.08.25-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон аж.


Захирагчийн ажлын алба нь барилга барих ААНБ-дын дагаж мөрдөх журмыг нарийвчлан боловсруулж батлуулж, зөөврийн нойл суурилуулах, сахиул айл өвөлд түүхий нүүрс түлэхгүй, нохой тэжээхгүй, бүрэн бүтэн хашаатай, гарц, орц хийсэн зэрэг үзүүлэлтүүдийг хангасан компаниудад зөвшөөрөл олгодог байхыг үүрэг болголоо.


Мөн барилга барих зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй үйлдэлд арга хэмжээ авахыг анхаарууллаа.


-Хөрсний бохирдлоос сэргийлж соруулдаг эко нойл ашигладаг айлуудын тоо судалгааг гаргаж орон нутгаас төсвийг нь шийдвэрлэж бохирыг татан зайлуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон аж.


Ирэх жил хүүхдийн Зуслангийн цайны газрыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр засварлах,  хүүхдийн зуслангийн байруудад насанд хүрэгчдийн ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслангийн ард насанд хүрэгчдийн амралтын зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцлахыг холбогдох албаны дарга нарт анхаарууллаа.


Мөн сар бүрийн 17-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх аймгийн Засаг даргын захирамжийг мөрдүүлэхийг тус тус үүрэг болгов.

関連ニュース