ШХАБ-ын хээрийн сургуульд 2000 орчим цэрэг оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-15 15:25:15

БИШКЕК. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнууд болох Казахстан, Киргиз, Хятад, ОХУ, Тажикистан, Узбекистаны 2000 орчим цэргийн албан хаагчид терроризмын эсрэг хамтарсан хээрийн сургуульд оролцож байна. “Энхийн үүрэг -2016” гэдэг нэртэй уг сургуулилт өнөөдөр Киргиз улсад эхэлжээ.

Команд-штабын сургуулилтыг удирдаж буй Киргизийн армийн хурандаа Руслан Мукамбетов хэлэхдээ “одоо үед олон улсад үүсээд буй бодит нөхцөл байдалд ийм төрлийн сургуулилт хийх нь цагаа олсон бөгөөд чухал ач холбогдолтой гэдэг нь батлагдсан” гэлээ.

“Энхийн үүрэг” цэргийн хээрийн сургуулилт дөрөвдэх удаагаа болж байгаа бол Киргизийн нутаг дэвсгэрт анх удаагаа болж байгаа нь энэ юм. Киргизийн Иссык-Куль мужийн уулархаг бүс нутаг дахь “Эдельвайс” хээрийн сургуулийн талбайд болж буй уг сургуулилт 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд түүнд 300 нэгж байлдааны техник, түүний дотор 40 байлдааны нисэх онгоцыг ашиглаж байна.

Х.Сарнай

関連ニュース