ДАРХАН-УУЛ: Зөвлөх багш дөрвөөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын багш, удирдах албан тушаалтнуудын бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр салбартаа олон жил ажиллаж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг ур чадвар, арга зүйгээрээ бусдад үлгэр дуурайлал болж буй зарим багш Монгол Улсын Зөвлөх багш болж зэргийн үнэмлэхээ гардан авлаа.
Тодруулбал, Дархан сумын 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батзаяа, Дархан сумын 16 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Н.Цолмон, Дархан сумын Дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш Г.Оюун, Оюуны-Ирээдүй цогцолборын бага ангийн багш Д.Лхагвасүрэн нарт Зөвлөх мэргэжлийн зэргийн үнэмлэхийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БШУГ-ын дарга Л.Буянтогтох нар гардууллаа.
Монгол Улсын хэмжээнд Зөвлөх зэрэгтэй
540 багш, Дархан-Уул аймгийн хэмжээнд 45 багш байдаг. Ийнхүү өнөөдөр ЕБС-иас гурав, СӨББ-аас нэг багш зэргийн
үнэмлэхээ гардан авснаар аймгийн хэмжээнд 49 зөвлөх багштай боллоо.